Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ энэ сарын 03-09-ний өдрүүдэд Төрийн ордонд болно.
Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат Швейцарын Парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр байгууллага хооронд хамтын ажиллагаа амжилттай, үр дүнтэй хэрэгжиж, Улсын их хурлын тамгын газрын ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхжуулахад томоохон дэмжлэг болж байгааг онцолж, талархлаа илэрхийлээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Тэрбээр, “Хоёр орны парламентын харилцаа шинэ түвшинд хүрч, Улсын их хурал хууль тогтоох чиг үүргээс гадна хяналтын чиг үүргээ шинэ шатанд гаргаж, Хяналт шалгалтын тухай хуультай болсон. Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах том чиг үүрэг хэрэгжиж байна. Хууль тогтоомж батлах нэг хэрэг. Хамгийн чухал нь баталсан хууль, тогтоомжийг тухайн хуулийнх нь үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэх юм. Улсын Их Хурлын Тамгын газар хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, арга аргачлалд суралцаж, системтэй мэдлэгтэй болсон төдийгүй хууль тогтоомждоо тусгаж өгсөн” хэмээлээ.
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай 2017 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангах зорилгоор хамтын ажиллагааг хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын чиглэлд түлхүү хамтран ажиллаж байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах зөвлөх Ч.Онончимэг ‘Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үр дагаварт хийсэн үнэлгээ”-г танилцуулав.
Швейцарын Холбооны Улсын Хяналтын хэлтсийн дэд дарга Феликс Стребел, Швейцарын Холбооны Улсын Хяналтын хэлтсийн төслийн менежер Раул Кензиг нар үнэлгээний тайланд зөвлөмж өгч, саналаа хэллээ.
Мөн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд хийсэн хяналт шинжилгээ”-г Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Энхмаа танилцуулав. Швейцарын талаас санал хэлж, зөвлөмж өгөх зарчмаар сургалт үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.