Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр /2023.09.04/ боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил, үүрэг даалгаврын биелэлтээ танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Хот байгуулалтын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтэц, чиг үүргийн талаарх саналыг эцэслэн боловсруулав.
Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн хооронд орлогод нийцсэн "Солонго 1, 2 орон сууцны хороолол" барих төслийн гэрээг байгуулав.
“Сэлбэ сэргэлт” төслийн далан, зам, гүүрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлын зураг төсөлд магадлал хийх ажлыг шуурхай зохион байгуулж, албан бичгийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т хүргүүлэв.
Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн явцын талаарх хамтарсан хуралдаанаар Монгол, Хятад төрийн тэргүүн нарын нэрэмжит президент спорт цогцолбор барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны ажлын протоколыг баталгаажуулав.
“Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл"-ийн гүйцэтгэгч, БНХАУ-ын "Экзим" банкны төлөөлөлтэй уулзаж, ажлын гүйцэтгэлийг танилцуулан, үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв.
Салбарын тусгай зөвшөөрлийн цахим системийг танилт, нэвтрэлтийн систем /ДАН/-тай холбож, үйлчилгээг үзүүлж байна.
Үндэсний дата төв УТҮГ-т байршдаг “Орон сууцны бүртгэл мэдээллийн портал” цахим системийн серверийн төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон тул хөгжүүлэгч компанитай хамтран засварлаж файл, программ хангамжийг сэргээж байна.
“Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүс тогтоох, дагаж мөрдөх журам”-ын төсөлд тусгах 11 саналыг боловсруулан Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газарт хүргүүлэв.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт бэлдэх ажлын хүрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн чиглэлийн дагуу тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган "Барилга, хот байгуулалтын яамны гамшгийн төлөвлөгөө"-г боловсруулж байна.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн угсралтад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байна.
Шинээр угсарсан лифт, эскалаторын техникийн аюулгүй байдалд магадлан баталгаажилт хийж, 230 заалт бүхий 12 албан шаардлага, 7 цамхагт кран, нэг өргүүрийн угсралт, ашиглалтын байдалд 12 заалт бүхий 8 дүгнэлтийг 28 иргэн, ААН байгууллагад улсын байцаагчийн эрх зүйн баримт бичгийг тус тус хүргүүлэв.
Шуурхай хуралдаанд мөн БХБЯ-ны төслийн нэгжүүдийн ажил хуваарийн дагуу явагдаж байгаа талаар нэгжийн удирдлагууд танилцуулга мэдээлэл хийв.
Батлагдсан төлөвлөгөөнөөс цэцэрлэг, сургуулийг хасч, зургаа өөрчлөн, барилга барьж буйд арга хэмжээ авна.