fitness
  • 502 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-08

Эрүүл мэндийн яам, Япон улсын “Сисмекс” корпорациас эрүүл мэндийн салбарын лабораторийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, клиник лабораторийн оношилгоо, шинжилгээний чанарыг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ.  

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг арга хэмжээний эхэнд 15 жилийн турш тасралтгүй хамтран ажиллаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт лабораторийн шинжилгээний чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй “Сисмекс” корпорацын хамт олонд  талархав.


“2008 онд манай эмнэл зүйн лабораториудын хоорондын шинжилгээний  зөрүү их, шинжилгээний  чанар, чанарын баталгаажилтын асуудал төдийлөн сайнгүй байсан үед “Сисмекс” корпорацтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ нь бидний хувьд чухал үйл явдал болсон.

Лабораторийн шинжилгээтэй холбоотой гомдол, чирэгдэл буурч, өвчтөнийг дахин дахин шинжилгээнд явуулж, чирэгдүүлэх асуудал үгүй болсон. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн шинжилгээний хариуг төрөлжсөн төв эмнэлгийн эмч хүлээн зөвшөөрөх нь элбэг болсон нь та бидний хамтын ажиллагааны үр дүн гэж  ойлгож байна.


 

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсан, ялангуяа, цусны дэлгэрэнгүй шинжилгээний лаборатори хоорондын зөрүү маш бага болсноор гадаад улс руу өвчтөний шинжилгээний хариугаа явуулахдаа итгэлтэй болж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд цусны дэлгэрэнгүй, биохими, иммунологи, цусны бүлэгнэлтийн шинжилгээний чанарын гадаад хяналтаас гадна шээсний шинжилгээний хяналт, үнэлгээ нэмэгдэж байгаа нь бөөрний дутагдал, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний өвчлөл нэмэгдэж байгаа манай улсын хувьд нэн чухал юм. Мөн саяхан дэлхий нийтээрээ даван туулсан КОВИД-19 халдварын цар тахал ч  лабораторийн шинжилгээний чанар ямар чухал вэ гэдгийг бидэнд сайн ойлгуулсан билээ.      
Манай улс 2022 оны тавдугаар сараас бүх иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг амжилтай зохион байгуулж байна. Энэхүү үзлэг шинжилгээний багагүй хувийг  лабораторийн шинжилгээ эзэлдэг тул шинжилгээний чанарын асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой” хэмээсэн юм.

Тэрбээр мөн “Сисмекс” корпорацын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж  буй чанарын гадаад үнэлгээнд лавлагаа, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдээс гадна, хувийн хэвшил, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцож байгаа нь манай эмнэлгийн мэргэжилтнүүд олон улсын жишигт нийцсэн чанарын гадаад хяналтад оролцох хүсэлтэй байгааг, мөн чанарын хяналт, баталгаажилтын ач холбогдлыг сайн ойлгож, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж буйг харуулж байгааг онцолсон.

Түүнчлэн “Сисмекс” корпорац хамтран ажиллах гэрээний хүрээнд чанарын гадаад хяналт явуулах боловсон хүчин бэлтгэх, стандартад нийцсэн аппарат тоног төхөөрөмж, чанарын хяналтын материалаар хангах зэргээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар  биелүүлж ирсэнд талархал илэрхийлэв. 

ЭМЯ, Японы “Сисмекс” корпорацын хооронд 2008 оны зургаадугаар сарын 2-нд Монгол Улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд гэрээг гурван жил тутамд шинэчлэн сунгаж ирсэн.
 
Энэ удаа Монгол Улсын лабораторийн чанарын хяналтын үйл ажиллагаанд Япон улсын Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар болсон нь өмнөхөөс онцлог юм.

Өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан тав дахь удаагийн нэмэлт өөрчлөлтөд шээсний шинжилгээний чанарын гадаад хяналт тусгагдсанаар манай улсын хүн амын дунд өсөн нэмэгдэж буй чихрийн шижин, бөөрний өвчин эмгэгийн лабораторийн оношилгоо сайжрах чухал ач холбогдолтой.

Чанарын гадаад үнэлгээг эхлүүлснээс хойш өдгөө гематологийн шинжилгээний 30, биохимийн 24, иммунологийн 19, цусны бүлэгнэлтийн дөрөв дэх удаагийн чанарын гадаад үнэлгээг амжилттай хийсэн байна. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт гематологийн гурван стандарт анализатор, биохимийн нэг стандарт анализаторыг суурилуулан чанарын хяналтын бай хэмжээ, тогтвортой байдлыг тогтооход ашиглаж иржээ.


“Сисмекс” корпорацтай хамтран ажилласан 15 жилийн хугацаанд эмнэл зүйн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг олон улсын 30 удаагийн сургалтад хамруулж, чанарын гадаад үнэлгээний тайланг танилцуулан гэрчилгээ гардуулсан.

Үүний зэрэгцээ тус корпорац лабораторийн эмч нарын хүсэлтээр тэдэнд тулгамдаж асуудлаа шийдвэрлэхэд туслах, олон улсын стандартад нийцсэн чанартай шинжилгээ хийх талаар Японы нэр хүндтэй эрдэмтэн профессоруудыг урьж сургалт явуулсан нь эмч нарт оюуны томоохон хөрөнгө оруулалт болж манай лабораториудын чадавх, шинжилгээний чанарыг сайжруулахад түлхэц болсоор байна.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр болон холбогдох газрын дарга нар, “Сисмекс” корпорацын тэргүүн дэд захирал К.Ватанабэ, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны тэргүүн дэд зөвлөх Кикума нар оролцов.

Бусад мэдээ

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, ААН-ийн хүсэлтийг энэ сарын 29-н хүртэл авна

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, ААН-ийн хүсэлтийг энэ сарын 29-н хүртэл авна

Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн,

THUNDER: Намайг уучлаарай, цаашид урлагийнхан УЛС ТӨРӨӨС хол байж, нийгмийн төлөө байхыг уриалж байна

THUNDER: Намайг уучлаарай, цаашид урлагийнхан УЛС ТӨРӨӨС хол байж, нийгмийн төлөө байхыг уриалж байна

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Нийт урлагийн салбарынхны өмнөөс уучлалт хүсч байна. Намайг ч бас уучлаарай. Цаашид уран бүтээлчид, урлагийн салбарынхныг улс төрөөс хол байж нэг ч улс төртэй холбоотой зүйлд оролцолгүй, нийгмийн төлөө байхыг үүгээр уриалж байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.