Шинээр оруулж ирсэн автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийж, “Daewoo” компаниас албан ёсны мэдээллийг ирэх даваа гарагт өгнө гэдгийг хэлсэн юм.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захиралЧ.Батзориг:
-Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжиж байна. Эдгээр төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл. Есдүгээр сард орж ирэх 100 дизель автобусны гаалийн мэдүүлгийг мэдүүлсэн, гүйцэтгэгч байгууллагын зүгээс захиалагчид хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна. Шинэ автобуснуудыг хүлээж авахад Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хууль бусаар хийсэн, шинээр оруулж ирж байгаа автобуснууд хуучин байна гэхчлэн хардлага, гомдол гарч байна. Хуулийн байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг өгч буй. Шинээр оруулж ирж байгаа автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байгаа гэдгийг хэллээ.