Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтны иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авахаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ АТГ авч ажилладаг.
Тус газарт "Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр гэх газарт нэвтрэхэд автомашин бүрээс 6,000 төгрөг, машинд зорчиж буй том хүн бүрээс 2,000 төгрөг, хүүхэд бүрээс 1,000 төгрөгийн хураамж авч байна” гэх мэдээлэл иржээ.
Уг асуудлыг шалгахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн тогтоосон ба үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/439 дүгээр тушаалаар баталсан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 34 захиргаанд хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан байна.
Гэтэл Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” бүрэн эрхийн хүрээнд Сөгнөгөр, Баянголын нийт 17,480 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар тогтоож, тус газарт нэвтрэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх шийдвэрийг үндэслэн “Байгалийн нөөц газар” гэсэн ангиллаар иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байсныг таслан зогсоосныг АТГ мэдээлллээ.