ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр өөртэй нь холбоотойгоор яригдаж буй ногоон автобус болон нүүрсний бизнестэй холбоотой асуудалд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Автобус хилээр нэвтэрч орж ирээд олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс өмнө зарим улс төрчид, намын анхааралд өртөөд тэр нь асуудал болж явсан. Түүнээс биш Амарбаясгалан гэдэг хүн ачигдаад явж байхад нь чанар муутай автобусаар солино гэж байх уу. Эсвэл үйлдвэрлэж байгаа компанид нь захиалга өгөөд муу үйлдвэрлүүлнэ гэж ч байхгүй. Зүйд нийцэх санаа бодолд тохирох зүйлийг ярих хэрэгтэй гэж хэлмээр байна. Хариуцлага алдчихаад намайг хэн дэгээдэв гээд хайгаад байж болохгүй. Алдаатай худалдан авах ажиллагааг зохион байгуулсан албан тушаалтнууд бодитой тайлбараа хийх ёстой. Ингэж алдаа дутагдлаа улс төржүүлэх нь ёс зүйд нийцэхгүй.
Мөн сүүлийн үед намайг нүүрсний Админерал гэх компанитай холбож хэвлэлээр маш их гүтгэж байна. Алгын чинээ цаасан дээр нотлох баримтгүй мөртлөө намайг холбож байна. Сүүлдээ гэр бүлийн хүнийг маань хүртэл нүүрс тээврийн бизнес эрхэлдэг мэтээр ASU.mn сайтад бичсэн байна. Ямар ч ор үндэслэлгүй мэдээллээр гүтгэж байна.
Энэ мэдээллүүдийг захиалж хийлгэж байгаа болон гүйцэтгэж байгаа нөхдөд хандаж хэлэхэд битгий горьд. Би та бүхний хүссэнээр нүүрсчин, авлигачин болчихгүй. Олон хүний эрх ашгийг хөндөж байгаа болохоор гүтгэлэг дайралтад орж байгаа юм байна. Увиагүй аргаар бизнес хийдэг этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас ийм зүйл болж байгаа" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Монголын ард түмэндээ зориулж хэлмээр байна. Ямар нэгэн байдлаар авлигал, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаа тохиолдолд миний бие өчиггүй улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн. Миний бие автобус, Админерал гэдэг компани хэвлэлээр шуугьж буй бусад зүйлтэй ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгийг нотолж байна" гэв.