Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр дотоодын банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд манай улсын төлбөр тооцооны систем олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярих боломж бүрдсэн билээ.
Энэ төслийн хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологи бүхий зайнаас уншуулах “₮ карт” үндэсний брэндийг гаргаснаар манай улсын иргэд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн картаар төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.
Дотоодын ₮ картын хэрэглээг нэмэгдүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын “КТ” группийн охин компани болох “BC Card” компанийн хооронд энэ сарын 13-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр дотоодын ₮ картаар БНСУ-д, Солонгосын “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдэх ажээ.
БНСУ-ын харилцаа холбооны томоохон операторын нэг болох “КТ” группийн охин “BC Card” компани нь 1983 онд үүсгэн байгуулагдсан ба БНСУ-ын анхны төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч компаниудын нэг юм. Одоогийн байдлаар 30 сая орчим карт хэрэглээнд гаргаж, 3.2 сая байгууллагын гүйлгээг хүлээн авч, жилд 5 тэрбум гүйлгээг дамжуулж байгаа үзүүлэлт нь (Nilson Report, 2020) Ази-Номхон далайн бүсийн хамгийн том карт хүлээн авагч гэдгийг харуулж байна.
Эх сурвалж: Монголбанк