Монгол Улсын ХАА-н шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Агробиотехнологийн Холбооны судалгааны төвтэй хамтран “Евразийн хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн 26 дахь удаагийн уламжлалт чуулганыг аравдугаар сарын 06-07-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.Чуулганаар Евроазийн бүс нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг бүх талаас нь олон талын оролцоотой хэлэлцэхээр цуглаад байна.
Тус чуулганыг 1998 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд орон орны судлаачдын оролцоо, хамрах хүрээ жилээс жилд өргөжиж байна. Энэ удаагийн чуулганы хувьд бүс нутгийн хүрээг тэлж, Ази болон Европ тивийг хамруулан зохион буйгаараа онцлог юм.
Мөн энэ удаа уг уламжлалт чуулганыг санаачлагч, зохион байгуулагчдын нэг, Монгол Улсын Ардын багш, Малын гавьяат эмч, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, ХАА-н ШУА-ийн ерөнхийлөгч асан, Бадарчийн Бямбаагийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.
Энэ удаагийн чуулганы нэгдсэн болон салбар хуралдаанд Монгол Улс, ОХУ, Беларус улс, Казахстан Улс, Киргизстан улс, Армени, Австри, Этиоп зэрэг 8 улс орны 50 гаруй эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид оролцож, 250 орчим илтгэлийг танхим, зайн болон эчнээ байдлаар хэлэлцүүлэх гэж байгаа нь уг чуулганы хамрах хүрээ, ач холбогдлыг илэрхийлнэ.
Чуулганы хүрээнд нэгдсэн болон таван салбар хуралдаан зохион байгуулагдаж хоёр өдөр үргэлжлэх бөгөөд бүс нутгийн мал аж ахуй, газар тариалангийн бүтээмж үр ашгийг дээшлүүлэх, байгалийн болон биологийн нөөцийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ухаалаг, тоон технологийг үйлдвэрлэлд ашиглах замаар хүнс үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг нухацтай хэлэлцэж, дээрх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замыг тодорхойлоход уг чуулганы ач холбогол оршиж байна.
Энэ удаагийн олон улсын чуулганаар ХАА-н тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, дэлхийн дулаарлын үр нөлөөг бууруулах, бүс нутгийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга зам, гарц шийдлийн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөх нь маргашгүй юм.
Аливаа улс орны хөгжлийн зангилаа асуудлыг цаг алдалгүй оновчтой, үр дүнтэй шийдвэрлэхэд шинэ мэдлэг, инновац, дэвшилтэд технологи онцгой үүрэгтэй бөгөөд даяарчлагдаж буй өнөө үед асуудлыг нэг улс орны хэмжээнд бус бүс нутгийн хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой юм. Уг бага хурал нь дэлхий хуурай бүс нутгийн ихэнхийг эзэлдэг Ази болон Европ тивийн орны их сургууль, эрдэм шинжилгээний байгуулага, судлаачдын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох, хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм хэмээн ХААИС-иас мэдээлэв.