Хөдөөгийн сэргэлт- “Нээлттэй Төв аймаг” уулзалт, форум Төв аймгийн “Монгол туургатан” театрт эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ форумаар Төв аймгийг аж ахуйн нэгж хийгээд иргэд сонгон суурьших шалтгаануудын талаар өргөн хүрээнд ярих юм. Түүнчлэн тус аймагт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, түүнд хамрагдах, хамтарч ажиллах боломжуудыг танилцуулна.
2023 он гарсаар Төв аймагт Улаанбаатар хотоос 25 аж ахуйн нэгж, 800 гаруй иргэд шилжин суурьшжээ. Энэ бол нийслэл хоттой хаяалан орших тус аймаг Улаанбаатарын төвлөрлийг сааруулахад онцгой үүрэг хүлээж, манлайлан оролцох боломжтойг харуулж байна.
Хоёр өдөр болох энэхүү форумд аймгийн удирдлагууд өндөр ач холбогдол өгч байна. Форумыг нээж Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын илгээмж уншиж сонордуулав. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэгэн чухал зорилт бол Хөдөөгийн сэргэлт юм. Зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтээрээ улсынхаа нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, хүнд асуудал үүсээд буй энэ цагт хөдөө орон нутаг, дэд бүтцээ хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргаанд бодитой хувь нэмэр оруулах хэрэгцээ шаардлагатай болсон. Тиймдээ ч хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган зохион байгуулж, түүний үргэлжлэл болж аймгууд сэргэлтийн бодлогоо ярьж форум, хурал зөвлөгөөн хийж, гарц шийдлүүдийг хэлэлцэж эхлээд байна. Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болоод аймагт хөрөнгө оруулалт хийх бодолтой иргэд ч өргөнөөр оролцож байна.
Төв аймаг бол Улаанбаатарыг тойрон хүрээлсэн, хамгийн ойр хаяа залган оршдог аймаг. Энэ утгаараа нийслэлийн иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа газар тариалангийн болон сүү сүүн бүтээгдэхүүний тодорхой хувийг хангаж ирсэн. Тиймдээ ч тус аймагт энэ чиглэлд маш олон чухал төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тодруулбал, хөдөө аж ахуйн өндөр технологийн төслүүд ба экспорт, Эрчимжсэн үхрийн аж ахуй, Махны цогцолбор үйлдвэр гэх мэт олон чухал төслүүдийн танилцуулга, мэдээлэл хийгдэх нь ээ. Мөн эдгээр танилцуулсан төсөл, бүтээн байгуулалтын талаар оролцогчид хэлэлцүүлэг зохион байгуулж, Төв аймгийг сонгон суурьших боломжийн талаар тодорхой ярина гэсэн үг.