2023 оны Дэлхийн авьяас, ур чадварын тайланд Монгол Улс өнгөрсөн оныхоос хоёр эрэмбэ ухарч, 64 улсаас сүүл мушгилаа. Энэ нь 3.24 оноо буурсан үзүүлэлт болж байна. Харин хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61 дүгээрт, авьяас, ур чадварыг татах хүчин зүйлээр 64 дүгээрт, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдлаар 63 дугаарт эрэмбэлэгджээ.
Авьяас, ур чадварын ерөнхий эрэмбэ буурахад бага боловсролын сурагч-багшийн харьцаа, ажилчдын урам зориг , амьдралын чанар , шударга ёс гэх мэт үзүүлэлтүүд хойгуур эрэмбэлэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Дэлхийн авьяас, ур чадварын эрэмбээр 2023 онд Швейцар улс тэргүүлсэн хэвээр байгаа бол Люксембург хоёрдугаарт, Исланд гуравдугаарт, Бельги дөрөвдүгээрт, Нидерланд тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Харин АНУ 15 дугаарт, БНХАУ 41 дүгээрт, Япон улс 43 дугаарт эрэмбэлэгджээ. Харин авьяас, ур чадвар хамгийн сул орнуудаар Венесуэл 62 дугаарт, Бразил 63 дугаарт, Монгол Улс 64 дүгээрт эрэмбэлэгдсэн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн ихэнх бүс нутаг, улс орнуудын авьяас, ур чадварын үр дүн Covid-19 цар тахлын өмнөх түвшинд эргэн хүрэхгүй хэвээр байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв онцоллоо.
Боловсролын системийг эдийн засгийн тогтолцооны хэрэгцээнд нийцүүлэх нь авьяас, ур чадварын өрсөлдөх чадварын томоохон сорилтуудын нэг хэвээр байгаа аж. Авьяас, ур чадварын үнэлгээний тэргүүлэгчид нь ерөнхий боловсролын хичээлээс илүү мэргэжлийн сургалт, дагалдан сургах ажлыг чухалчилдаг улс орнууд багтаж байгаа нь анхаарал татаж байна.