Ханжоу-2022" Азийн наадмын допингийн эсрэг асуудлыг хариуцах үүрэг хүлээсэн ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагийн зүгээс гавьяат тамирчин Б.Чинзоригийн сорьцын хариуг танилцууллаа. Азийн наадмын аваргын шинжилгээний сорьцоос Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хориотой бодисын жагсаалтад орсон метадиеноны метаболит гэх бодис илэрчээ.
Б.Чинзориг аравдугаар сарын 4-ний өдөр шинжилгээнд хамрагдсан аж. Түүний сорьцыг Хятадын допингийн эсрэг агентлаг цуглуулсан гэнэ.
Шинжилгээний хариуг тамирчинд мэдэгдсэн бөгөөд В сорьцоо шинжлүүлэх эрхтэй. Харамсалтай нь, В сорьцын хариу мөн таарвал Б.Чинзоригийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасаж, алтан медалийг нь хураана. Өөрөөр хэлбэл, ирэх Парисын олимпод Монголын медалийн нэг найдвар үгүй болно гэсэн үг.
Ийнхүү Ханжоугийн Азийн наадамд оролцсон Монголын хоёр тамирчнаас хориотой бодис илэрлээ. Саяхан хүндийн өргөлтийн Б.Эрдэнэзулаас илэрсэн билээ.