Төв талбайд үргэлжилж буй жагсаалд идэвхтэй оролцож байгаа жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэрийн хаалгаар газ шахаж, доромж үгс бичиж наасан талаар тэрбээр мэдээлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулж, У.Цогтбаяраас товч тодруулга авлаа.
-Дүүгийнхээ гэрийн үүдэнд болсон явдлыг хэзээ мэдсэн бэ. Цагдаад хандсан уу?
-Өчигдөр 00.00 цагийн үед мэдсэн. Цагдаад хандалгүй яах вэ. Урд шөнө цагдаагийн байгууллагаас ирж, үзлэг хийгээд явсан. Ямар хүмүүс ийм үйлдэл хийснийг тогтоогоосой гэж найдаж, хүлээж байна.
-Өмнө нь таны гэрийн үүдэнд хар машинууд ирээд байгаа талаар мэдээлж байсан. Энэ сүрдүүлгийн гэмээр шинжтэй хоёр дахь удаа нь болов уу?
-Над руу болон миний гэр бүл, ойр дотнын хүмүүс тайван амарч ч чадахгүй, маш их айдастай байна. Шөнө ч унтаж чадахгүй, ийм зүйлийг бодсоор байгаад дуу ч гарахад хүнд болж байна.
-Нэг бус удаа ийм зүйл тохиолдож байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Танихгүй дугаараас залгаад л, элдвээр хэлж, сүрдүүлнэ. Шөнө эхнэрийнхээ гараас атгаад, хүүхдүүдээ тэврээд л нойргүй хонож байна. Цаг хугацааны шалгуурыг давна гэсэн итгэл байна.
-Таныг Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн утгатай пост бичсэн хэмээн шүүмжлээд байгаа. Ардаа захиалагчтай гэж?
-Би лайв бүрдээ ардаа захиалагчгүй гэдгээ хэлж, тайлбарлаж байгаа. Хамгийн анх 40 их наяд гэдэг тоог сонсоод л, лоозонгоо бичээд жагсаалд нэгдсэн. Хэрэв би захиалгаар ажиллаж байгаа бол тэр мөнгө нь надад, миний үр хүүхдүүдэд хоол болохгүй шүү дээ. Тийм бохир мөнгө хүүхдүүддээ бэлдэж өгнө гэдэг хэзээ ч санаанд багтамгүй зүйл. Цаг хугацааны явцад хүмүүс ойлгоно биз дээ гэж найдаж байна.
-Мөн хятад удамтай ч гэж цоллох боллоо?
-Гайхаж л байна. Миний аав ээж, эмээ өвөө гээд бүгд л Монголд төрсөн, монгол хүмүүс. Хэзээ ч ийм зүйл би сонсож байгаагүй.