Засгийн газар тодорхой гэмт хэргүүдэд ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг дэмжжээ.
Засгийн газар төрийн албан хаагчдыг "Шүгэл үлээгээрэй" гээд нэг мөрөн дээр нь алгадаж байгаа хэр нь, "Шүгэл үлээвэл эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ шүү" хэмээн нөгөө мөрөн дээр нь алгадсанаас өөрцгүй
Үүнд “албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялын хасаж, 6 сараас 3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэх” өөрчлөлт багтсан байна.
Энэ нь төрийн хүчний байгууллагын бүх мэдээллийг иргэдээс нуух, тухайн алба хаагч, ажилтны хувьд шударга бусын эсрэг шүгэл үлээх иргэнийх нь үүрэг, эр зоригийг мохоох, ингэснээрээ хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд ноцтой аюулыг учруулж болзошгүй гэж үзэн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс эсэргүүцэн мэдэгдэл гаргасныг өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өглөө.
Тиймээс бидний тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд ЗГ, УИХ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэн сурталчлахаас татгалзах болно.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр:
Хэвлэл мэдээллийн салбарын эх сурвалжийн асуудалд хүндээр тусах учраас мэдэгдлийг хүргүүлж байна. Нууцын зэрэглэлтэй хэмээн ногоон автобусны хэргийг хаацайлаад өнгөрсөн хэрэг саяхан гарсан байхад дахиад Эрүүгийн тухай хуульд ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь харамсалтай байна.
Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдыг "Шүгэл үлээгээрэй" гээд нэг мөрөн дээр нь алгадаж байгаа хэр нь, "Шүгэл үлээвэл эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ шүү" хэмээн нөгөө мөрөн дээр нь алгадсанаас өөрцгүй юм. Тиймээс бид эсэргүүцэж буй мэдэгдлээ 2023 оны аравдугаар сарын 13-нд гаргасныг өнөөдөр ХЗДХ-ийн сайдад хүлээлгэн өглөө.
Нууц гэдэг нэрийдлээр хулгай луйврыг хэрхэн хийж болдгийг саяхан бид харлаа. Тэгвэл мөрдөн байцаах шатанд явж буй энэ хэргийн талаар бид мэдээлэх боломжгүй болох эрсдэл үүсэж байна. Мөн цаана нь байгаа албан тушаалтныг хэрхэн хэргээс мултлах талаар нууц ажиллагаа явж буйг ч үгүйсгэх аргагүй юм.
Иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах гэж байна. Иргэдийн мэдэх эрхийг хангадаг зүйл нь хэвлэл мэдээллийн салбар байдаг.
Тиймээс бидний тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд ЗГ, УИХ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэн сурталчлахаас татгалзах болно.
"ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ НЬ СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ХУВЬД ҮНЭТЭЙ ЭХ СУРВАЛЖ БОЛДОГ"
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа:
Эрүүгийн хуульд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан албан тушаалтан, ажилтанд торгох заалтыг олон жилээр хорих заалтыг оруулсан. Үүнийг Ерөнхий сайд Хууль зүйн сайдад үүрэг болгож хэдхэн хоногийн дотор боловсруулж батлах гэж байна. Өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагийн хуралдаанаар дэмжигдсэн. Энэ нь ямар судалгаа, тооцоон дээр үндэслэсэн хуулийн өөрчлөлт гэдгийг хуулийн төслийн талаар нэг ч албан тушаалтан тайлбарлаагүй.
Мөрдөн байцаах ажиллагааны нууцлалын хариуцлага одоо ч эрүүгийн хуулиар хариуцлага оноогддог байхад үүнийг чангалж байгаагаас улбаалан ямар сөрөг үр дагавар гарч болзошгүй гэдэгт анхаарч, нийгэмд хүргэх үүрэгтэй учраас МСНЭ шаардлага хүргүүлж байна.
Төрийн албан хаагч мэргэжлийн ёсзүй сахиж ажиллаж байгаа хүн, тэд хувьдаа ашиг олох зорилгоор бус нийгмийн сайн сайхны төлөө буюу төрийн байгууллагын зөрчил, алдаа завхрал, удирдлагын дарамт, авлигын талаар шүгэл үлээж албаны нууцыг мэдээлдэг бөгөөд энэ нь Монголд ч биш олон улсын жишиг. Энэ бол сэтгүүл зүйн салбарт үнэтэй бөгөөд хэрэгтэй эх сурвалж болдог.
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Засгийн газар тодорхой гэмт хэргүүдэд ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэдхэн хоногт боловсруулан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаараа яаран хэлэлцэж, төслийг дэмжээд байгаагийн дотор “албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялын хасаж, 6 сараас 3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэх” өөрчлөлт багтсан нь төрийн хүчний байгууллагын бүх мэдээллийг иргэдээс нуух, тухайн алба хаагч, ажилтны хувьд шударга бусын эсрэг шүгэл үлээх иргэнийх нь үүрэг, эр зоригийг мохоох, ингэснээрээ хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд ноцтой аюулыг учруулж болзошгүй байгаа тул үүнийг МСНЭ эрс эсэргүүцэж байна.
Монголын төр, тэр дундаа цагдаа, прокурор, шүүх зэрэг хууль сахиулах байгууллагын шударга үнэн байдалд иргэдийн итгэл үлэмж буурсан энэ цаг үед мөрдөн шалгах ажиллагааны бүх мэдээллийг төр өөрөө хатуу хянаж, энэ явцад хүний эрхийн зөрчил, алдаа завхрал, хэлмэгдүүлэл ч үүсэж болох нөхцөлийг хаацайлах, нуух боломжийг хуулиар бий болгож буй нь төрийг улам бүр дарангуйлагч шинжтэй болгоод зогсохгүй иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд айдас төрүүлж байгааг Засгийн газарт хатуу сануулж байна.
Аливаа эрх, эрх чөлөөг төрийн зүгээс хязгаарлах алхмыг хэрэгжүүлэхдээ олон нийтийг цочроосон гэмт хэргийн дуулиан, түүнд хандах олон нийтийн сэтгэл хөдлөл, эс бөгөөс цар тахал, халдвар, байгалийн гамшиг зэрэг цөөн давтамжтай үзэгдэл, үйл явдлаар халхавчилдаг бөгөөд Засгийн газрууд сүүлийн жилүүдэд уг технологийг чадамгай ашиглан иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг илтэд хумих хууль, дүрэм, журмыг удаа дараа батлан гаргахыг санаархсаар ирсэн.
Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд оноох ялыг чангалах гэж байгаа бодлогоо УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлахдаа энэ нь “иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй” хэмээн мэдэгдсэн байх хэдий ч юун түрүүнд сэтгүүлчийг хэвлэн нийтэлсэн мэдээ, мэдээллийнх нь улмаас цагдаад шалган “эх сурвалжаа илчлэхийг” шаардах замаар нууц задруулсан ажилтныг олж тогтоох мөрдлөгийг эхлүүлдэг өнөөдрийн нөхцөл байдал улам бүр хүндрэх нь тодорхой байна. Ийм замаар сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг хөндөгдөн улмаар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, энэхүү үндсэн эрх, эрх чөлөөгөө алдсан иргэн хэн боловч бусад зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжгүйд хүрэх аюул заналхийлж байгаа тул МСНЭ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайн заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ