УИХ-ын гишүүн С.Одонтуяа “АН улстөрөө хийх гэж ажил хүндрүүлж байна гэх юм. Бид бол улстөрчид. УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдын үйл ажиллагаанд хэнээр ч заалгахгүй хориг тавих эрхтэй сөрөг хүчин. Эрх баригчид бүх юмаа нууцын зэрэглэлд оруулчхаад яаж ард түмнийг тонон дээрэмдэж байгааг бүгд харж байна. Захаас нь аваад нэрлэвэл ногоон автобусны хэрэг байна.
Ковидын үеэр эмч нар сайн ажилласан, нойртой, нойргүй зүтгэсэн. Бид хүнд үеийг хамт даван туулсныг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч ард иргэд бидэнд хандаад байна. Ковидын үеийн зарцуулалтад АН санаачлаад сонсгол хийгээч гэж байгаа. Бид шинжээчгүйгээр сонсгол хийхгүй, бид ямар хүн гүтгэх гэж энд сууж байгаа биш. Шинжээчгүйгээр, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтгүйгээр улстөрчид бүх юманд орж, хутгалддагаа болих хэрэгтэй.
Нэг иргэнийг 8 сая төгрөгөөр эмчилсэн гэдгээ иргэд ойлгомжтойгоор сонсгол дээрээ яриад өг гээд байна шүү дээ. Үүнд одоо ч хэн ч хариулахгүй байна. Энэ зөв тайлбарыг өгөх хэрэгтэй. Тийм учраас шинжээч ажиллахгүй бол энэ сонсголыг хийх хэрэггүй" гэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Бид өнгөрсөн хугацаанд дэд ажлын хэсэг гаргаад төрийн 18 байгууллага руу 25 удаагийн мэдээлэл хүссэн бичиг илгээсэн. Ирсэн бүх мэдээлэл хангалтгүй. Зөвхөн ХЭҮК-оос дахин мэдээлэл хүсэх шаардлагагүй. Бусад 17 байгууллага вебсайтад байгаа мэдээлэл, нэгдсэн дүн л ирүүлсэн. Харин зарим иргэнээс их хэмжээний мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийг бид шинжээчгүйгээр, хүний нэр дурдаад хууль зөрчсөн мэт ярьж болохгүй.
Тийм учраас сонсголыг дахин товлож, чанартай явуулах ёстой” гэлээ.