ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төслийн нээлт болон сургалтыг Баянхонгор аймагт энэ сарын 24-27-нд зохион байгуулж байна.
“МонПЭН санаачилга” төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь халдварт бус өвчний эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
Төслийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨ-ний хэлтэсийн дарга Г.Ганхуяг, НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа, УГТЭ-ийн Зүрх судлалын тасгийн их эмч Б.Оюундарь, УГТЭ-ийн Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Э.Цэнгүүн болон НЭМҮТ-ийн ЭМДМА-ны мэргэжилтэн Б.Идшинхорлоо, Г.Мөнхнаран, Р.Оюунгэрэл нарын хамтарсан баг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, НЭМТ-ийн төлөөлөлтэй “МонПЭН санаачилга”-ыг нэвтрүүлэх, хамтран ажиллах талаар удирдлагын багийн уулзалт зохион байгууллаа. Мөн тус аймгийн ЗДТГ, ЭМГ, НЭ, сум, өрхийн ЭМТ-ийн 54 эмч, мэргэжилтэнд төслийн үйл ажиллагаа болон PEN/HEARTS багцын танилцуулгыг хийж, иргэдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр чадавхжуулах сургалтыг явуулж байна.
Төсөл хэрэгжихийн өмнөх суурь үнэлгээний баг Баянхонгор аймагт ажиллаж өрх, сумын эрүүл мэндийн дөрвөн төвийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, суурь үнэлгээ хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц, ажиллах эмч, сувилагчийн ажлын ачаалал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэ арга замын талаар санал солилцсон.
“МонПЭН” төслийг энэ онд Өвөрхангай, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Архангай, Дорноговь болон нийслэлийн Багануур, Баянгол дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь ийнхүү ажил хэрэг болж буй юм.
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2019-2020 онд “МонПЭН” загвар төслийг хэрэгжүүлсэн Дархан-Уул аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн 16 төвд 100 гаруй сая төгрөгийн 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагыг, 2021 онд зургаан аймаг, нэг дүүргийн 132 ӨЭМТ-д 740 гаруй сая төгрөгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагаар эмч, мэргэжилтнүүдийг хангасан байна. Энэхүү загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1,4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт бий. Түүнчлэн 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм.