Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж Монгол Улсын Их Хуралд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн бариад байгаа билээ.
Тус хуулийн төсөл нь шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хамгаалах зохицуулалттайгаас гадна сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага эх сурвалжаа нууцлах, хамгаалах зохицуулалт тусгагдаад байгаагаараа онцлогтой. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хуулийн ажлын хэсгийн гишүүн Ч.Болортуяагаас тодруулга авлаа.
Хэвлэл мэдээллийн салбарт эх сурвалжаа нууцлах эрх зүйн хамгаалалт байдаггүй. Энэхүү зохицуулалтыг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгаад байгаа. Энэ талаар Та тайлбар хийхгүй юу?
-Хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд эх сурвалжаа нууцлах, өөрийгөө нууцлахыг хүссэн эх сурвалжуудтай хамтран ажиллах нь түгээмэл байдаг. Гэвч нууцлах шаардлагатай эх сурвалжаа хууль, хяналтын байгууллагын өмнө хамгаалах, нууцлах эрх зүйн зохицуулалт манай улсад байдаггүй. Олон нийтийн радио, телевизийн ажилтан л Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар эх сурвалжаа нууцлах эрхтэй.
Бусад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн тухайд Монголын Хэвлэлийн мэдээллийн зөвлөлөөс мөрдөж байгаа мэргэжлийн ёс зүйн код буюу Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын наймдугаарт “Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална” гэсэн заалт л үйлчилж байна. Тэгвэл Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөлд “Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь шүгэл үлээсэн асуудлыг мэдээлсэн эх сурвалжаа нууцлах эрхтэй” гэсэн заалт тусгаж өгөөд байна.
Энэ хуулийг төгс өөрчилж чадахгүй л бол хөндөөд хэрэггүй гэдэг байр суурь хэвлэл мэдээллийн салбарынханд байдаг. Би ч адил.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах зохицуулалтыг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хамтран ажиллах саналыг тавьсан. Тэгэхээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй юу?
-1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль түүхэн ач холбогдолтой, өнөөдөр ч түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам, хэвлэл мэдээллийн салбарынхан маань хамтран энэхүү хуулийг өөрчлөх гэж удаа дараа ажиллаж байсныг та бид сайн мэднэ.
Энэ хуулийг төгс өөрчилж чадахгүй л бол хөндөөд хэрэггүй гэдэг байр суурь хэвлэл мэдээллийн салбарынханд байдаг. Би ч адил. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бусад хуулиар хамгаалах боломжийг эрэлхийлсэн. Түүний нэг нь хэвлэл мэдээллийн салбарт удаан яригдсан ч өнөөдрийг хүртэл хамгаалагдаж эх сурвалжаа нууцлан, хамгаалах зохицуулалтыг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгасан. Гэхдээ томьёоллыг илүү тодорхой болгож, нарийвчлан зааж өгөх дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтран ажиллана.
-Эх сурвалжаа хамгаалах, нууцлах асуудал мөрдөн байцаалтын нууцыг задруулахаас тусдаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Энэ бол тусдаа. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 21.9-р заалтаар мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах тухай тусгагдсан байдаг. Энэ нь ч түгээмэл зохицуулалт болох талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлсэн. Энэхүү заалтаар буруутгагдах этгээд нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд хамааралгүй гэдгийг ч мэдэгдсэн.
Харин мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан тохиолдолд хүлээх хариуцлагын заалт. Энэхүү хариуцлагын зохицуулалтыг өөрчлөх шаардлагагүй буюу одоо байгаагаар нь хэвээр үлдээхээр тогтсон.
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэзээ хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?
-УИХ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Эхний босгоо давсан. Одоо нийгмийн олон бүлгийг хамарсан уулзалт, хэлэлцүүлэг хийж хуулийн төслийг илүү сайжруулах, иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлага байна.