Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвасыг өнгөрсөн амралтын өдрүүдээр эрчимтэй бөмбөгдөж эхэлсэн. Улмаар тус бүс нутаг дахь бүх интернэт, утасны харилцаа холбоо тасалдахад хүргэсэн юм. Үүний зэрэгцээ Израилийн эрх баригчид хуурай замын довтолгоогоо өргөжүүлж байгаагаа мэдэгдсэн. Баасан гарагт Израиль цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхээ зарласны дараа Газа хотын иргэдийг өмнө зүг рүү яаралтай явахыг дахин сануулсан юм. Тодруулбал, Израилийн батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч "Израилийн арми Газын зурвас дахь халдлагаа нэмэгдүүлсэн. Агаарын хүчин газар доорх объектууд болон террористуудын дэд бүтцэд ихээхэн цохилт өгч байна" гэжээ.
Түүнчлэн Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху Израилийн арми хийгээд командлагч нар нь Газын зурвасын нутаг дэвсгэрт байрласан талаар мэдэгдсэн юм. Ингэснээр барьцааны хүмүүсээ аврах боломжтой гэсэн ч хамгийн том бай нь Хамасыг бүрэн устгах гэдгийг дахин хэлжээ.
Харин ням гаргаас эхлэн харилцаа холбоо эргэн сэргэж эхэлснийг хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Хэдий харилцаа холбооны сүлжээ тасалдаад нэг хоносон ч гадны тусламж, хэвлэлийнхэн, хүмүүнлэгийн ажилтнуудтай холбогдох ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Мөн өчигдрөөс эхлэн Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал улам хурцадлаа. Тухайлбал, олон мянган оршин суугчид тус бүс нутгийн өмнөд болон төв хэсэгт байрлах агуулах, түгээлтийн төвүүд рүү нэвтэрч гурил болон бусад үндсэн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээ авч эхэлснийг НҮБ мэдээллээ.
НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдэгдэлд "Энэ үйл явдал нь гурван долоо хоног үргэлжилсэн дайн хийгээд Газын зурвасыг бүрэн бүсэлсэний дараа иргэдийн дэг журам алдагдаж эхэлсний түгшүүртэй шинж тэмдэг болж байна. Хүмүүс айж, бухимдаж, цөхрөнгөө барж байна. Утас, интернетийн холбооны шугам тасарсан нь хурцадмал байдал үүсгэж, улам бүр дордуулж байна” гэжээ.
Ням гарагт гаргасан уг мэдэгдэлд оршин суугчид аль агуулах руу дайралт хийсэн, хэзээ болсон талаар тодорхой заагаагүй байна.
НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогч Мартин Грифитийн хэлснээр өнгөрсөн долоо хоногт Израилийн бөмбөгдөлт эрчимжиж байсан тул Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж “бараг” нэвтэрч чадаагүй аж.