Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр өглөө 10:00 цагт эхлэх байсан ч маргааны улмаас түр завсарлалаа. Сонсголын эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дэд дарга Б.Энхмөнх болон иргэдийн төлөөлөл дөрвөн танхимд биш нэг танхимд хамтдаа сууж, нүүрсний асуудлаа хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэд "Дарга, сайд нар нэг танхимд хуваарилагдан суугаад иргэдэд үг хэлэх боломж олгохгүй байна" хэмээн бухимдаж байв.
Харин УИХ-ын гишүүдийн зүгээс тэднийг тайван байхыг сануулж, ажлын хэсэг зохион байгуулалтын талаар хуралдаж, сонсголыг 13:00 цаг хүртэл хойшлуулсан юм. Улмаар албаныхан болон оролцогчдыг хамтад нь Төрийн ордны их танхимд суулгаж, уг сонсголыг зохион байгуулахаар болоод байна.