УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Өмнөх сонгуулиудын жишигээр улс орны баялаг, улс орны нэр хүнд, улс орны өнгөтэй өөдтэй болгоныг “цөлмөсөн” олигархуудын хүүхдүүд нэр дэвшинэ хэмээн бадрах боллоо. Зарим УИХ-д байгаа ингэж тодотгож болох, өнгөрсөн хугацаанд сонгогч түмэн, зон олныхоо төлөө бараг юу ч хийгээгүй эрх охид хөвгүүд ч сандал, суудалтайгаа зууралдан үлдэхийн тулд тэмцэж байна. Та бид бүгд л мэднэ, эх орны баялагийг ямар ч хамаагүй аргаар өөрийн гарт оруулсан хөрөнгөтнүүдийн хүүхдүүд гэнэт л улаан гэрлээр орж, УИХ-д суудаг болсоныг. Харин тэд яг яах гэж тэнд орж сууснаа ойлгож чадахгүй манарч, бүдэрч явсаар дараагийн сонгуультай золгодог. Яг үнэндээ хал үзэж халуун чулуу долоогоогүй, амьдрал үзээгүй “эрхийн тэнэг” тэднээс бид юу ч хүлээх шаардлагагүй. Аав, ээжийнх нь ам руу нь халбагдаж өгдөг байсан халуун хоолыг л ард түмэн халбагдаж өгөх үүрэг хүлээдэг. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн, түмэн олны төлөөлөл, төрийн түшээ болчихсон хэрнээ л байж болохгүй үйлдэл гаргаж яваа хичнээн гишүүн байсныг эргэн санах ёстой. Тэр тусмаа хормойн донтой, гэр бүлээ ч тогтвортой төвхөнүүлээд явчихаж чадахгүй байгаа гишүүнцэрүүдээс та бид ихийг хүлээх хэрэггүй. Бод доо, бүтээсэн амьдрал, төрүүлсэн үрс, ханилсан ханиа “хайрлахгүй”, “халамжлахгүй”, “анхаарахгүй”, “аваад явж чадахгүй” байгаа тэд сонгогч таны сайн сайханы төлөө, та бүхний баталгаатай ирээдүйн төлөө, энэ улсын тусгаар тогтнол, сайн сайхны төлөө, аз жаргалтай гэр бүлийн төлөө, инээд хөөртэй иргэний төлөө ажиллах уу??? Хэзээ ч үгүй. Тэдний эрх ашиг бол мөнгө, албан тушаал, нэр хүнд нэмээд гоё сайхан байж бусдын өмнө тогос тогоруу шиг гоёж, худлаа уран донгогдох л байдаг юм. Энэ нь ч олон УИХ-ын гишүүнцэрүүдийн үг, үйлдлээс харагддаг. Өнгөрсөн хугацаанд энэ улсын тоотой хэдэн гэр бүлийн амьдрал л мандан бадарч, цэцэглэн хөгжиж байгаа болохоос улс орны амьдрал сул дорой, иргэд нь ядуу тарчиг хэвээр л байна. Энэ бол монголчууд бид амьдрал үзээгүй, айлын эрх бацаануудад төрийн түшээ гэх эрхэм алдарыг өгдөг болсоны хар гай.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар та бид 76 биш 126 гишүүнтэй болно. Нөгөө л эрх танхи, зовлон үзээгүй бацаанууд төрийн сэнтий мөрөөдөж суугаа. Тэд УИХ-ын гишүүн болчихоороо яадаг гээч, хэн нэгний заавараар хөдөлж, юугаа ч мэдэхгүй хэрнээ болсон болоогүй хууль батлалцах “лобби” бүлэгүүдийн гар хөл болдог юм. Тухайн хуулийн ач тус, үр өгөөж ямар байхаас үл хамаарч халтар таван цаасаар хуруугаа л хөдөлгөөд сууж байдаг юм. Тэгэхээр хэдүүлээ одоо амьдрал үзээгүй айлын эрх хүүхдүүдээс хагацья. Гурил, будаахан, 50 000, 100 000 төгрөгөөр саналаа худалддагаа зогсооцгооё. Хөдөлмөрлөж биш, олон жил нам дагаж, намынхаа буянаар төр барилцаж, хууль бус бүхэнд гар бие орооцолдсон хүмүүс хэн нь хэн бэ гэдгийг эрх биш ард түмэн таньдаг, мэддэг, ойлгодог болсон. Ийм аав, ээжийнхээ буянаар болсон болоогүй гадаадын их дээд сургуульд сурсан нэр зүүгээд худлаа үнэн нь мэдэгдэхгүй диплом өвөртлөөд ирсэн бацаануудыг одоо түмэн олон мэддэг болсон. Тэгэхээр нам нь хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа тэдэнд ард түмэн, сонгогч та хариуцлага хүлээлгэж чадна. Тийм хариуцлагын сонгуулийг энэ удаагийн сонгуулиар бид хийж болсон болоогүй, бүтэх бүтэхгүй гишүүнцэрүүдээс салж, дахин тийм гишүүнцэрүүдийн төрийн ордон руу зүглүүлэхгүй байцгаая. Дахин хэлнэ ээ, одоо бид амьдрал үзээгүй, эрх танхи хүүхдүүдээс хагацах цаг болсон. 2024 оны сонгуулиар тэднээс хагацья.