БООМТЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ 5Э СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн тус форумаар хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцэв.
Монгол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форум 2024” арга хэмжээг нээж үг хэлэхдээ, “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд гол хувь нэмрээ оруулж байна. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо.Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал” хэмээн онцлов.
Форумын үеэр хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, боомтоор нэвтрэх олон төрөлт тээвэрлэлтийг хөгжүүлэх, эдийн засгийн коридор, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбар хоорондын харилцан уялдаа, тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт оролцогсод саналаа нэгтгэлээ.
Форумын төгсгөлд Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б Тулга “Боомтын сэргэлт үндэсний форум 2024” -ыг дүгнэж хэлэхдээ, “Боомтын сэргэлтийн бодлогыг 3 үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойллоо. Боомтын сэргэлтийн бодлогын эхний үе шат нь 2022-2024 онуудад боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаар үе шат нь Боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг 2025-2028 онд хэрэгжүүлэх, гуравдугаар үе шат нь 2029 оноос хойш олон улсын боомтын хөгжлийн жишигт нийцүүлэхээр томъёолж байна” хэмээн тодотгов.
Боомтын сэргэлт Үндэсний форум-2024"-аар Монгол Улсын Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм.Энэ хүрээнд Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо МҮХАҮТ -тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд хилийн боомт, эдийн засгийн коридор, олон улсын тээвэр, логистикийн зохион байгуулалт, хилийн боомтын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог хангах, коридорын аялал жуучлал болон холбогдох бусад асуудлаар гаргасан санал санаачлагыг ажил хэрэг болгоход талууд хамтран ажиллахаар болов.
Ийнхүү анхдугаар форумаар боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интеграцитай уялдуулан төлөвлөх нь чухал гэдэгт төвлөрлөө. Түүнчлэн олон улсын худалдааны нэвтрүүлэлт, түгээлт, тээвэр зохицуулалт, логистик, төлбөр тооцооны талаархи дотоодын дүрэм журам, стандартыг зохицуулах салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай хэмээн дүгнэв.