fitness
  • 560 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-06

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, өөрийгөө эрүүл гэж тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.
Тус үйл ажиллагааг улс орон даяар хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах ажлын хүрээнд 2020-2022 онуудад нийслэлийн таван дүүрэг, лавлагаа шатлалын хоёр эмнэлэг, 20 аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийг дэмжих төв”-үүдийг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийн сургалтыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан билээ.
2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд 800,000 гаруй мянган иргэн хамрагдсан.
Мөн алслагдсан сумд, цэргийн ангиуд, цэргийн албан хаагчдын ар гэр, төмөр замын зангилаа өртөөнд ажиллаж, амьдарч буй иргэдийг Эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор УБТЗ-ийн Төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгүүдтэй хамтран хөдөлгөөнт оношилгооны үйлчилгээг үзүүлж байна.



Цэргийн төв эмнэлгийн хувьд эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон камаз маркын гурван автомашинаар  иргэдэд бүрэн үзлэг, шинжилгээ, оношилгоог нийт 12 аймгийн 8000 гаруй насанд хүрсэн иргэдэд Эрт илрүүлгийн үзлэг оношилгоо, шинжилгээнд багтсан насны багцын үзлэгийг хийсэн байна. Тус эмнэлэг нь нийт зургаан удаагийн ээлжээр 126 хоног  22 эмч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хөдөлгөөнт оношилгоог иргэдэд үзүүлсэн байна.
Үүнээс гадна УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны тусгай галт тэргээр шугам зам дагуу ажилладаг төмөр замчид болон долоон аймгийн орон нутгийн иргэдийг орчин үеийн төрөлжсөн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд таван удаагийн аялалаар 23 эмч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 1500 орчим иргэдийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулсан.
Хөдөлгөөнт оношилгооны төвүүд 2023 оны тавдугаар сар хүртэл төлөвлөгөө гарган ажиллаж байна.



Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид амьдралын чанарт ноцтой өөрчлөлт гаргаж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.
Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, лабораторийн шинжилгээгээр биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөөг авч байна.
Иргэд дараах зургаан насны бүлгийн багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна. Үүнд: 
  1. 0-5 насны багц
  2. 6-17 насны багц
  3. 18-30 насны багц
  4. 31-45 насны багц
  5. 46-60 насны багц
  6. 61-ээс дээш насны багц


0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдаж байгаа бол насанд хүрсэн иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас сонгох байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний багцад хамрагдаж байгаа юм.
Насанд хүрэгчдийн хувьд 4 насны багцаар 11-17 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна.

Бусад мэдээ

Ирэх сарын 12 ноос эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Ирэх сарын 12 ноос эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 19 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөг

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын эрэг нурж, эрсдэл үүсжээ

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын эрэг нурж, эрсдэл үүсжээ

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн газар усанд автаж, орон сууцны хотхон хорооллы

Ариунзул С.
Ариунзул С.