Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ үеэр тус байнгын хороонд харьяалагддаг Хууль зүйн яамны харьяа цагдаагийн байгууллагын төсөв хэрхэн хасагдсаныг салбарыг сайд учирлав.
Төсөвт тусгасан таналтын хүрээнд бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулах тухай заасан байв.
Энэ талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл "Цагдаа, шүүх шинжилгээний алба хамгийн их дотоод томилолттой байдаг, маш их бичиг цаасны ажилтай. Гэтэл дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг механикаар 50 хувиар бууруулахаар байна. Орон тооны асуудал ч хөндөгдөж байна.
Засгийн газраас ус хангамжийн эх үүсвэрүүдийг хамгаалах тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх гэтэл хүний нөөц, төсөв хүрэлцдэггүй. Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр 19, дүүргүүдэд сэтгэлзүйч 8, 3 орон тоотой эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн орон тоог 9 болгож нэмүүлье гэдэг хүсэлт гаргаж зайлшгүй хэрэгцээтэй байгаа эдгээр орон тоог тусгасан байсан ч хасахаар болж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч сард буюу ажлын 20-21 хоногт 270 гүйцэтгэх хуудсыг шийдвэрлэх болж байна. Орон тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Хорихоос төрлийн өөр ял эдэлж байгаа 350 хүнийг 1 шийдвэр гүйцэтгэгч хянаж байна. Нэг хүн гүйцэтгэх боломжгүй ачаалал. Энэ бүхэн эргээд хүний эрхийн зөрчил үүсэх суурь шалтгаан болдог. Энэ бүх шаардлагын үндсэн дээр хүний нөөцөө нэмэгдүүлье гэж байгаа юм. Хүний эрхийг хангах үйл ажиллагаанд голчлон оролцдог хууль сахиулах байгууллагуудын зардлыг танаснаар үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсэж байна” гэлээ.