УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ дахь намын бүлэг, Байнгын хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлах зохицуулалтын дагуу Байнгын хороодоос 36, Монгол Улсын Засгийн газраас 66, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 37, Ардчилсан намын бүлгээс 31 санал ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 170 хууль, тогтоолын төслийн саналаас Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан 58 хууль, тогтоолын төслийг тусгалаа хэмээн танилцуулав.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлбэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан нэн түрүүнд батлах шаардлагатай хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлахдаа ач холбогдлоор нь эрэмбэлэх, хууль, тогтоолын төслүүдийг батлах, хэлэлцэх гэж ангилах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх нь зүйтэй талаар тус тус саналаа илэрхийлжээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тогтоолын төсөлд тусгах талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуусан. Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан 40 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар тусган УИХ-ын 02 дугаар тогтоолыг баталсан. Эдгээрээс 13 хуульд өөрчлөлт оруулаад байгаа. Үлдсэн хуулиудаа хэзээ батлах вэ. Хэлэлцэх асуудлын дараалалд тусгасан уу хэмээн тодруулсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, тогтоолын төслийн гуравт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай гээд тодорхой зааж оруулсан байгаа. Тэгэхээр хуулийн төслүүдийг өргөн баривал хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтах боломжтой гэсэн хариулт өгсөн. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг батлав.
Тогтоолд дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна.
1/ Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2/ Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
3/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
4/ Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/ Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/ Байгаль орчны багц хуулийн төсөл;
7/ Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8/ Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9/ Боловсролын ерөнхий хуулийн төсөл;
10/ Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;
11/ Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;
12/ Газрын багц хуулийн төсөл;
13/ Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;
14/ Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;
15/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;
17/ Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
18/ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
20/ Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21/ Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
22/ Казиногийн тухай хуулийн төсөл;
23/ “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24/ Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
25/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
26/ “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
27/ Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
28/ Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
29/ Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;
30/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
31/ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;
32/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;
33/ Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;
34/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
35/ “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
36/ “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
37/ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
38/ Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;
39/ Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
40/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
41/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
42/ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
43/ Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
44/ Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
45/ Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
46/ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
47/ “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
48/ Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
49/ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
50/ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
51/ “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
52/ Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
53/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
54/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
55/ Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;
56/ Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
57/ Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
58/ Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл.