Өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын V уралдааныг Чех улсын Элчин сайдын яам, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол-Чехийн хэл соёлын төв, Мэргэжлийн төгөлдөр хуурчдын холбоо, Ганаа арт студи Sikulka хөгжмийн сургууль хамтран 2023 оны нэгдүгээр сарын 21 – 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тав дахь удаагаа зохион байгуулж буй энэ уралдааны А болон В ангилалд нийт 112 хүүхэд бүртгүүлснээс В ангиллын (сонирхон суралцагч) 89 хүүхдээс гурван насны ангилалд алт, мөнгө, хүрэл медаль нийт есөн сурагч шалгарчээ. Тусгай шагналд тав хүүхэд, үнэмлэхүй ялагч Гран-при шагналт нэг хүүхэд тодроод байна.
2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр А ангиллын буюу мэргэжлийн суралцагчдын төрөлд 23 сурагч хоёр насны ангилалд оролцож алт, мөнгө хүрэл медаль болон Гран-при шагналын төлөө өрсөлдөж ялагч нь уламжлал ёсоор олон улсын уралдаанд оролцох эрхээр шагнуулах юм байна.
Гала тоглолт, шагнал гардуулах ёслолыг өнөөдөр /2023.01.27/ 12:00 цагт Соёлын төв өргөөний концертын танхимд “Дээлтэй Дуурсах Хаан Хөгжим” уриа дор зохион байгуулах ажээ.