Томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг наашлуулах асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах тодруулгыг өглөө.
Тэрбээр хэлэхдээ, "Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр бид хамгийн их дэгдэлт гарч байгаа бага болон дунд ангийн сурагчдын хүрээнд хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргаж байна.
Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлээд 1-5 дугаар анги цахим хичээлд шилжинэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ.
Харин 6-9 дүгээр анги дараагийн долоо хоногоос нь цахимд шилжинэ.
16-18 насныхан буюу ахлах сургуулийн сурагчдын дунд ханиадны тархалт бага байгаа учраас тэд танхимаар хичээллэнэ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хэвийн хичээллэнэ. Учир нь цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно.
Энэ шийдвэр нь Монгол Улс даяар хэрэгжихгүй, зөвхөн нийслэлийн хамгийн өндөр тархалттай байгаа төвийн зургаан дүүргийн хэмжээнд, алаг цоог дэгдэлттэй газруудад чиглэж байна" гэлээ.