fitness
  • 530 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-14

СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш яруу найрагч Я.Баяраа

“Хэрвээ чи амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал номноос гарц хайгаад үзэж болох юм”

 

 

Одоогоос хэдэн жилийн өмнө “Моно” жүжгийн төрлөөр Гэгээн музаг анх авч байсан бэ?

Тэр жүжгийн хувьд драмын эрдмийн театрын жүжигчин Алтангэрэл гэж бий. Тэр залуу бид хоёр СУИС-н нэг том ойн арга хэмжээн дээр уригдах тэр үед ерөнхийдөө бол Моно жүжгийн төрлөөр хамтарч бүтээл хийе ээ гэж яригдсан юм.

Тэгээд Алтангэрэл надад давуу байдлаа хэлэхгүй юу...Тэр нь дуурийн тавилттай мэт хоолойтой учраас өөрийнх нь энэ давуу байдлыг гаргасан монодрам байвал ямар вэ? гэж хэлээд надад хэд хэдэн “Ари”-дуулж сонсгосон юм. Тэгэхэд “Nessun dorma”г дуулсан санагдаж байна. Тэр нь надад их таалагдаад тэндээс л надад санаа ургасан юмаа.

Nessun dorma” ари болохоор Пуччини ерөнхий санаагаа биччихээд цэгцэлж дуусгаагүй нас барчихсан ийм бүтээл юм. Дуурь явж байх хооронд дунд нь нэг зогсоц аваад уран бүтээлчид дуугаа хурааж чимээгүй болсны дараа удирдаач үзэгчдэд хандаж яг энд агуу их Пуччинигийн зүрх зогссон юм гэж хэлдэг гэж ярьдаг. Түүнээс хойш Пуччинигийн “Турандот” дуурь тоглогдох бүрт Nessun dorma ари тоглогдохын өмнөх үзэгдэл дээр дэлхийн ямар ч дуурийн театр энэ мэт амсхийдэг.

Тэрний дараа Nessun dorma явж эхэлдэг байхгүй юу. Сайхан нэг тийм шөнийн аялгуу яваад л хот тэр чигтээ сэрүүн байна гээд л гайхалтай шүү. Тэгээд мань эр энэ гайхалтай уран бүтээлийг дуулж өгчихөөд миний дуу хоолойг ашиглаж болохуйц моно бич гэж тушаал өгсөн дөө. Тэгээд би Nessun dorma-г түшиглэх гээд үзье гэсэн санаа төрсөн юм. Мөн дуурийн дуучны амьдралын тухай,хүн хүндээ итгэх тухай шугам явж байгаа юм. Тэнд нь бас урлагийн мөн чанар хайр сэтгэлийн тухай өгүүлэмж явж байгаа гэдэг ч юмуу нэг тийм хам шинжийг нэгтгэсэн зурвасхан Монодрам юм даа.

“Монодрам” төрлийн бичиглэл ямар байдаг юм бэ?

Моно жүжиг бичих маш хэцүү. Жүжгийн орчин үеийн хэлбэрүүдийн нэг л дээ. Соло текст буюу уншлагын театр гэж байна.

Соло текст, монодрам, нөхцөлт бүтцийн драм гэж байна. Энэ нь монодрамын орчин үеийн чухал 3 хэлбэрийн нэг л дээ. Бичихийн хувьд бол биччихэж болно тиймээ.

Гол нь жүжигчинд маш хэцүү бүтэн 50 минутын турш тэр энерги,хөдөлгөөн,дуу хоолойны өөрчлөлтийг гаргаад тэр хугацаанд туулаад даваад гарна гэдэг бол ур чадвар шаардсан хэцүү зүйл. Хичнээн задаргаатай Монодрам хичнээн их нягт бичлэгтэй байх тусмаа жүжигчинийг их шахдаг.

Жишээ нь: Сургуулилт дээр Алтангэрэлийн өөрийгөө дайчилж байгаа байдал, тайзан дээр ганц нэг зэргийн алдаа гаргахад буцаад засах гэж оролдож байгаа зэрэг жүжигчнээс бол маш их зүйл шаарддаг юм билээ. Мөн жүжигчнээс өөрөөс нь найруулагчийн мэдрэмж шаарддаг юм болов уу гэж бодогдсон.

Энэ Монодрам дээр “Тавилан” киногоор нь хүмүүсийн сайн мэддэг Энхбаяр ах ажилласан нь байгаа оносон. Энхбаяр ах маань шилдэг найруулагч би шилдэг зохолчийн шагнал авсан.

Энхбаяр найруулагчийн найруулга миний зохиолыг амилуулсан уу? Миний зохиол Энхбаяр ахыг хэт хөтөлсөн үү гэдгийг мэдэхгүй. Бас нэг зүйл нь Гэгээн музагийн үеэр нэг сургалт болсон нь Хонгконгоос Ж.Фун гээд жүжгийн зохиолч ирсэн явдал. Тэр хүн бас шүүлтэнд оролцсон юм билээ. Түүнчлэн Х.Наранжаргал гуай шүүж байсан. Тэгээд би Х.Наранжаргал гуайгаас манай жүжгийг яагаад шилдэг гэж тодруулваа гэж асуухад тэрээр ерөнхийдөө монодрамынхаа бүтцийг барьж, энэ төрөлрүүгээ илүүтэй дөхсөн учраас л гэж тодорхойлж байсан.

Уг жүжгийн зохиолоос өмнө бичигдсэн жүжгийн зохиол байдаг уу?

Хоёроос гурван жүжгийн зохиол байсан. Жүжгийн зохиолоор жаахан оролдож энэ талруугаа бичье гэсэн бодол байсаар ирсэн.

Яагаад гэхээр миний ажлын үүрэг шахуу болчоод байгаа юм. Жүжгийн зохиолыг болон судалгааг хөгжүүлэх гэх мэт. Тийм учраас би жүжгийн зохиол,шүүмж бичихээс өөр аргагүй. Дээр нь жүжгийн зохиол бол өөрөө сэтгэл татам байдаг.

Тэгвэл кино зохиолын талаар таны бодол?

Кино зохиол маш сайн байж гэмээнэ кино мөнгө олно. Киноныхоо төсвөөс зохиолчдоо нэр төдий мөнгө өгч байгаа бол уучлаарай тэр хол явахгүй ээ л гэж хэлье.

Зохиол гэдэг бол амин сүнс юм.Тэр амин сүнсэндээ л их анхаарах хэрэгтэй. Асар их техник хүн хүч хөдөлгөж ажиллаж байгаа юм чинь зохиолдоо л анхаарлаа их хандуулах хэрэгтэй. Зохиолчдоо бүр хүсвэл тусдаа орчинг нь бэлдэж өгөх хэрэгтэй.

Тэрнээс биш зохиолчруу утас цохисоноо миний хөгшин нэг юм бичээд гялс аваад ирээч, хаанаа бичнэ үү яана уу хамаагүй ээ, хурдан л аваад ир гэх юм бол болохгүй юм шиг. Студийн тогтолцоо гэдэг зүйлрүү л орох хэрэгтэй.

Хүүхдийн жүжгийн төрлийн талаар?

Хүүхдийн моно жүжиг бичсэн.

Орос улсад төгсөөд ирсэн драмын театрын жүжигчин Итгэл гээд залуу байдаг. Баатар найруулагчийн Адууны түүх гэх жүжигт туслах найруулагчаар явж байсан. Энэ залуу надад Төөрөх хонгил гэх нэртэй монодрамын санаа яриад тэр нь биеллээ олсон юм.

Эл зохиол нь болохоор хэвлийдээ байгаа үр болон эхийн бодол санаа хоёрын харилцан хүүрнэл маягтай. Тэгэхээр хүүхдийн монодрам ч байж болж байгаа юм. Харин инээдмийн жүжгийн зохиол гэдэг надад их хэцүү санагддаг. Инээдэмт нөхцөл байдал гэдэг маш хэцүү.

Ц.Доржготов зохиолч надад инээдэмт нөхцөл байдлыг үүсгэнэ гэдэг хэцүү. Хүнийг чин сэтгэлээс нь инээлгэнэ гэдэг хэцүү. Аливаа зүйлийн мөн чанарыг харуулаад ар дээрээс нь инээдэм өгнө гэдэг хэцүү.Маш сайн инээдмийн цаана гүнзгий найруулсан эмгэнэл байх боломжтой гэж хэлж байсан. Бусад төрлөөр бол бичиж болох байхаа.

Бүтээл туурвихдаа өөртөө ямар нэг шаардлага гэдэг ч юмуу шахалт үзүүлдэг үү?

Бүтээл өөрөө бичиж байгаа хүнээ шалгаж байгаа юм шиг санагддаг. Уртын харайгч нэг сантиметрээр ч хамаагүй амжилтаа ахиулах юмсан гэж бодож явдаг шиг.

Хүнд нэг тийм дотооддоо тавьдаг шаардлага байдаг юм шиг байна лээ. Өөртөө нэг арын хаалга өгчихгүй юмсан л гэж бодож явдаг даа.

Бидний туулж буй энэ цаг үеийн гунигтай зүйл гэвэл?

Ном тааруухан уншдаг байдал юмдаа. Өөртөө ханачихсан хүн л ном уншдаггүй байх гэж ойлгодог. Өөрийнх нь бодож байгаа бодлоо төгс зөв гээд итгэчихсэн ч гэх юмуу.

Мань мэт шиг үгтэй зууралддаг хүмүүс уншихгүй удвал зогсох тийшээгээ л орчихдог. Яруу найрагч Галсансүх ах оюутан байхад минь “...Хамгийн үнэн үг бол уншихгүй бол сэтгэхгүй гэдэг л юм байна шүү” гэж хэлж билээ.

Мартаж болохгүй зүйл таны бодлоор?

Хайр л юмдаа.

Хэн нэгний өөрт чинь өгсөн хайрыг л мартаж болохгүй. Хэн нэгэнд өгсөн хайраа бол мартаж болох юм. Ямар ч хайрыг чамд өгч болно. Гол нь мартаж болохгүй.

“Богино ярилцлага”-ын төгсгөлийг богино өгүүлбэрээр төгсгөвөл?

Хэрвээ чи амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал номноос гарц хайгаад үзэж болох юм.

Сэтгүүлч А.Алтанхүү

Бусад мэдээ

20.5 тэрбумын ипотекийн зээл олгожээ

20.5 тэрбумын ипотекийн зээл олгожээ

Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлд

IT-ИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

IT-ИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн энэ үед мэдээллийн технологийн салбар дахь боловсон х

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн