fitness
  • 517 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-02

“Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль, цэцэрлэг“ үндэсний чуулган өнөөдөр болж байна.

Тодруулбал, Дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого болон ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч ОУ-ын Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн Үндэсний YII чуулган 2023 оны 02-р сарын 02-ны өдөр Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулагдаж байна.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх түлхүүр нь тогтвортой хөгжлийн боловсрол юм.

Тэгвэл энэ боловсролыг олгох, түгээх гол түшиц газар нь сургууль, цэцэрлэг гэж дэлхий нийт үзэж буй. Сургууль цэцэрлэгийн ногоон эко орчны төлөөх үйлдэл, манлайлал нь иргэнд зөв дадал хандлагыг хэрхэн бий болгож, орчиндоо хэрхэн нөлөөлж, өөрчлөлт авчирдгийг  Eвропын орнуудын туршлага бэлхэн харуулдаг. Манай боловсролын салбарт ч "Эко сургууль/ цэцэрлэг" хөтөлбөр хэрэгжүүлэгч сургууль, цэцэрлэгүүдийн үйлдэл, алхам, өөрчлөлт цөөнгүй их.

Гэрэл цахилгаанаа хэмнэж, хогоо ангилан ялгаж, хүүхдийн сурах орчинг ээлтэй болгож, хүний эрхийн төлөө өөрчлөлт оруулж буй бодитой үйлдлүүд нь төлөвлөснөөс илүү үр дүнд хүргэж байгаа олон сайхан туршлага бий.

Тэд өнөөдөр туршлагаа хуваалцаж, үр дүнгээ хэлэлцэнэ. Нийслэл, орон нутгийн 560 гаруй эко сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан чуулж дуу хоолойгоо олон нийтэд хүргэнэ.



2022 оны байдлаар Монгол улсын 344 EБС, 215 цэцэрлэг, 10 МСҮТ, коллеж эко хөтөлбөрт хамрагджээ.

Үндэсний YII чуулганы зорилго нь ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургалтын агуулга, арга зүй, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж амжилттай ажиллаж байгаа сургууль, коллеж, цэцэрлэгийн хамт олон, багш, сурагч, удирдах ажилтнуудын манлайлал, оролцоог урамшуулах, тэдний хамтдаа хүрсэн амжилт, туршлагыг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх юм.

Чуулган “Сургуулийн өмнөх боловсрол”, “Ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсрол” гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана.

Сургуулийн өмнөх боловсролын чуулганы нээлтэд:
• БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар
• Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ТХБ-II төслийн зохицуулагч А.Энхтогтох
Ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын чуулганы нээлтэд:
• БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг,
• Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир нар уригдан оролцож байна.

Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/-ийн ОУ-ын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр” нь дэлхийн 72 улсын 59000 гаруй сургууль, коллеж, цэцэрлэгүүдэд хэрэгжиж байна.

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох ЮНЕСКО, Байгаль орчны хөтөлбөр, мөн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “ISO14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг олон нийтэд түгээх, эзэмшүүлэх шилдэг туршлага, цогц арга зүй” хэмээн дүгнэж, ОУ-ын хэмжээнд хамтран ажиллаж байгаа юм.

Тус хөтөлбөрийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд БОАЖЯ, БШУЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймгуудын ЗДТГ, БОАЖГ, БСУГ-ууд бодлогын дэмжлэг үзүүлж, Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв НҮТТБ албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж байна.  

Бусад мэдээ

Найман аймгийн 7 мянган га талбайд услалтын системүүдийг байгуулна

Найман аймгийн 7 мянган га талбайд услалтын системүүдийг байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлд

НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨАТ-ын сугалааны шууд тохирол маргааш буюу зургаадугаар сарын 21-ний Лхагва гарагт /2023.06.21/ 13:

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.