Монгол Улсад шүүхээс оноож буй ялын 80 хувийг хорихоос өөр төрлийн ял эзэлж байна. Энэ нь улс орны эдийн засагт ч чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ. Учир нь хорих ангид хоригдож буй нэг хоригдолд өдөрт 20 гаруй мянган төгрөг зарцуулдаг бол хорихоос өөр төрлийн ял оноосон ялтанд 14 мянган төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг аж.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4277 ялтан хорихоос өөр дөрвөн төрлийн ял эдэлж байна.
Тодруулбал, албадлагын арга хэмжээ 7900, зорчих эрхээ хязгаарлуулсан 1310 ялтан байна. Орон нутгаас Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Орхон аймгуудад хорихоос өөр төрлийн ял эдэлж буй иргэдийн тоо өндөр байгаа аж.
Зорчих эрхийг нь хязгаарласан ялтантай сард хоёр удаа биечилж уулзаж, хянадаг бол нийтэд тустай ажил хийх ялыг тав хоног тутамд ажлын байран дээр нь очиж шалгадаг. Нийслэлийн хэмжээнд зорчих эрхээ хязгаарлуулсан 700 гаруй, улсын хэмжээнд 1310 ялтан байна. Харин нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ял авснаас өнөөдрийн байдлаар 200 хүн ялаа эдэлж буй.
Хэрвээ багш мэргэжилтэй хүн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ял авсан бол Хан-Уул дүүргийн спортын ордонд зааварлагч багшаар ажиллах гэх мэт аль болох мэргэжлээр нь ял эдлүүлдэг байна. Мөн сургууль орчмын эргүүл хийх, нийтийн тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээ, мод тарих, гудамж талбайн тохижилтыг ажлыг хийлгэдэг.
Энэ жил нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас торгох ял болон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсан этгээдүүдээс 9.6 тэрбум төгрөгийг авч, улсын төсөвт төвлөрүүлсэн талаар нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга Э.Итгэлтөгс ярилаа.
2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг оруулж, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн. Энэ ялтнуудад шүүхээс тогтоосон бүсэд хяналт тогтоодог.
Цахим бугуйвчийн төлбөрт нэг дор 780 мянган төгрөг төлөх бус нэг сардаа 44 мянган төгрөг төлдөг. Магадгүй зургаан сарын хугацаатай ял эдэлж байгаа бол 300 гаруй мянган төгрөгөө төлж, дараагийн хүн нь үлдэгдлийг нь төлөх аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ялын бүртгэл, хяналтын хэлтсийн дарга, хурандаа С.Зул-Очир “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялаас санаатай оргон зайлсан этгээдийг олж барьсан тохиолдолд саатуулах эрх зүйн үндэслэл байхгүй. Тухайн ялтанд эрх үүргийг нь дахин тайлбарлаж, цахим гавыг нь зүүдэг. Ялтны ар гэрийнхний хувьд үүрэг хүлээж, хариуцлага тооцох боломжгүй. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төсөлд 72 цаг саатуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх санал хүргүүлсэн” гэв.
Тэрбээр “Бид тухайн ялтнуудад шүүхээс тогтоосон бүсээс гарч болохгүй гэдэг эрх, үүргийг нь тайлбарлаж өгдөг. Зарим ялтнууд эмнэлэг орох, ажил явдалд оролцох гэх мэтээр хязгаарлалтын бүсээс гарах тохиолдол байна.Тэр болгонд шүүхийн байгууллагаас тайлбар авч, шалтгаан нөхцөлийг нь тодруулдаг. Гар утсаар нь холбогдож, анхааруулга өгдөг. Хуульдаа цахим гавыг 24-48 цагаас дээш унтраахгүй байх ёстой гэж тусгасан байдаг. Хязгаарлалтын бүсээс гарах шаардлагатай бол 30 хоногийн дотор албан ёсны зөвшөөрөл авдаг. Харин урт хугацаанд хязгаарлалтаас гарах бол прокурорт санал хүргүүлж, бүсийг нь томсгож өгдөг” тухай ярилаа.
Хууль тогтоомжоор хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаад оргон зайлсан этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжилж, тогтооно. Үүний дараагаар прокурорын байгууллагад танилцуулсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээс ял оноож байгаа” талаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хурандаа Б.Алтангэрэл ярьсан юм. Энэ онд 32 ялтан хорихоос өөр төрлийн ялаас оргон зайлсан байна.