"НВЦ" компани Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авсан. Одоо 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тус компани хөдөө аж ахуй, шувууны ферм байгуулахаар зээл авчээ.
"Хөгжлийн банкны" гэх шүүх хурлын үеэр прокурор "НВЦ компанийн захирал нь Хөгжлийн банкнаас авах зээлээ бүтээхийн тулд бусдад оргилуун дарс, үнэртэй ус, хэтэвч хахуульд өгсөн" гэж уншиж, танилцууллаа.
"НВЦ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарбилэг "Бид Германы шувууны фермийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр арилжааны банкнуудад хандан зээл авах гэсэн боловч чадаагүй. Германы Хөгжлийн банканд хандаж, зээл авах болсон юм. Гэвч тус банк анх олгохоор шийдсэн зээлийг бууруулсан. 25 сая биш 11 сая ам.доллар болгон бууруулсан юм. Учир нь 2013 онд манай улсад санхүүгийн хямрал болж, ам.доллар нэг өдөрт 1300-аас 1800 төгрөг болсон шүү дээ. Манай төсөл гурван үе шаттай байв.
Санхүүгийн хямралын нөлөө, ам.долларын ханшийн зөрүү, цар тахал сөргөөр нөлөөлсөн. Иймд анх төлөвлөсөн хугацаанаас хоёр жилийн дараа дэгдээхийн байр, өндөглөгчийн байр ашиглалтад орсон. Бид үйл ажиллагаагаа огт зогсоогоогүй, үнээ нэмээгүй. Орон нутагт 500 ажлын байр бий болгов. Жил бүр улсад 10 тэрбум төгрөгийн татвар төлдөг, манай улсад борлуулдаг 1 сая ширхэг өндөгний талыг манай ажилчид үйлдвэрлэж байна. Хөгжлийн банкнаас авсан зээл бидэнд маш их тус болсон.
Улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд найдаагүй. Төслийн эхний үе шат хэрэгжсэн, үндэсний бүтээн байгуулалт байсан тул бид Хөгжлийн банканд хандсан. Зээлийг 100 хувь зориулалтаар нь зарцуулсан" гэж Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг үеэр мэдээлж байв.