Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, “Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
“Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа “Гэгээн муза”-г 10 дахь наадмаас нь Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнээс хойш олон улсын наадам болж өргөжсөн. Мөн бусад улс орноос оролцож буй уран бүтээлчид болоод бүтээлийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд ирэх жил зохион байгуулах хуваарьтай байсан. Харин энэ жил театрын урлагийг үндэслэгч Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой тохиож байгаа тул тус ойн хүрээнд наадмаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. “Гэгээн муза” наадамд ирсэн бүтээлүүдийг таван төрлөөр шалгаруулдаг хэдий ч энэ жил “Хөгжимт бүжгийн төрөл”-д шалгаруулалтад цөөн тооны бүтээл ирсэн. Ийнхүү энэ удаад бүтээлүүдээ дөрвөн төрөлд шалгаруулахаар болсон” хэмээлээ.