Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2023.06.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын хүрээнд импортоор оруулах тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг дөрвөн жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Ингэснээр нүүрсээр ажиллах станцын хүчин чадал нэмэгдэж, системийн найдвартай, тогтвортой үйл ажиллагаа сайжирна. Мөн ойрын хугацаанд оргил ачааллын зохицуулалт хийх зориулалттай цэнэг хураагуурын станц 200 МВт.ц, Амгалан дулааны станц 116 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станц 50 МВт төслүүд 2023-2024 онд ашиглалтад орох юм байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, импортыг орлох эрчим хүчний үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөхөөр төсөлд тусгасан байна.
Хуулийн төслүүдэд дагаж мөрдөх хугацааг 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ дунджаар 7-8 хувиар өссөн байна. Эрчим хүчний салбар өвлийн оргил ачааллын үеэр системийн нийт суурилагдсан хүчин чадлыг (1578 МВт) бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгийг авч байна.
Энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр оргил ачаалал 1467 МВт хүрчээ. Цаашид хэрэглээ үүнээс давбал хэрэглэгчдийг хязгаарлана. Улаанбаатарын дулаан хангамжийн системийн хэрэглээ жилд дунджаар 150-230 Гкал/ц-аар нэмэгдэж байна. Агаарын температур удаан хугацаанд -39° градусаас дээш хүйтэрвэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, дулаан дамжуулах сүлжээний алслагдсан цэгүүдэд хөлдөлт үүсэх эрсдэл үүсжээ.
Сүүлийн гурван жилд цар тахал, олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах боломжгүй байсан. Иймд
2019 онд 59 тэрбум төгрөг,
2020 онд 92 тэрбум төгрөг,
2021 онд 78 тэрбум төгрөг,
2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмж, эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахаар шинээр том чадлын дулааны цахилгаан станцуудыг барих төслүүд хэрэгжүүлж байна гэж Эрчим хүчний сайд б.Чойжилсүрэн УИХ-д танилцуулав. Тэрээр гишүүдийн асуултад хариулж байна.