Хүүхдийг Ивээх Сангаас буцалтгүй нөхцөлөөр 1000 ам.долларын санхүүжилт олгох “Залуу манлайлагч, Залуу элч” хөтөлбөр хэрэгжиж дууслаа. Баянхошуу, Сэлбэ бүсийн орчимд залуучуудын боловсрол, эрүүл мэнд бусад хөгжилд тулгарч буй саадыг олж харах, түүнийг сайжруулахад арга шийдэл олох төслийн уралдаан зохион байгуулсан аж. Төслийн хүрээнд оролцогчдод техникийн болон зөөлөн ур чадварыг сайжруулах сургалтуудыг зохион байгуулжээ. Залуу элч нараас нийтдээ 40 гаруй санаа ирсний зургаан саналыг нь дэмжжээ. Ийнхүү шалгарсан зарим төслийг танилцуулж байна. Бичлэгээр үзэх бол энд дарна уу.
Мэдлэгтэй өрөө: Энэ нь 6-18 насны хүүхдүүдэд зориулагдсан номын сангийн төсөл юм. Хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээсэй, хүүхдүүдийн мэдлэг тэлээсэй гэх үүднээс төсөл санаачилсан аж. Төслийн оролцогчид төрийн байгууллага болон хувийн хэвшлүүдэд санал тавьж, Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллаж, албан бичиг явуулсны үр дүнд 280 орчим номыг цуглуулжээ.
Хаягжилт: Нийслэлийн хамгийн том дүүрэг бол Сонгинохайрхан бөгөөд гэр хорооллын оршин суугч ихтэй ч хаягжилт муутай. Түргэн тусламжийн үйлчилгээ удах, ирэхгүй байх ч тохиолдол бий. Гал команд, хүргэлтийн үйлчилгээ огт ирдэггүй аж. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны Малчны 1, 2-р хэсгийг хаягжуулжээ.
Аюулгүйн толь: Мөн Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооноос оролцогч огцом эргэлттэй гудамжийг замын хөдөлгөөний аюулгүйн тольтой болгожээ. Тус хороо найман мянга орчим оршин суугчтайгаас гурван мянга орчим нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд байна.
Мөн төслийн хүрээнд гэр хорооллыг хотын төв шиг болгон тохижуулах, нийгмийн олон талт хэрэгцээгээ хангахад залуучуудад юу хэрэгтэй байгааг судалжээ. Төсөл 2-р шатаар үргэлжлэх бөгөөд Толгойт, Дамбадаржаа бүс орчмын тохижилт, үйлчилгээг сайжруулахад чиглэх аж.