Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгчээ.
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гарган, танилцуулах.
- Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж байгаа дулааны магистраль шугамын барилга угсралтын ажлыг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгаж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх.
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээнд хийх урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж ажиллах.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд хийж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгалтын явцын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг даалгавар өгчээ.