Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургадугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд:
Татан гаргах ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн ОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангиудын алба хаагчид томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Уг ажиллагаанд ашиглагдах фермийг дэд ажлын хэсгийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээж өөрсдөө хийсэн бөгөөд эрдэмтэн, судлаач болон цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн 6 техник хэрэгслийг татан гаргалаа.
Татан гаргасан эдгээр тээврийн хэрэгсэлд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгах ажлыг зохион байгуулж, нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байна.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх газар дээр нь ажиллаж, татан гаргах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүсжээ.
Эх сурвалж: ОБЕГ