Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 19 дэх уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй хийж байна. Энэ уулзалтаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож буй юм.
Кинг таур хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр"Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-үүд хүний нөөцийн хомсдолд орсон байна. Ерөнхий сайд СӨХ-үүдийг сонсож байгаад баяртай байна" гэв.
"Оч" СӨХ гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун "Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна. Үер болоход оршин суугчид гарч оролцохгүй байх жишээтэй. Өөрсдийнхөө төлөө оршин суугчид аливаа асуудалд гар бие оролцдог болох хэрэгтэй байна" гэлээ.
"Монгол хотхон" СӨХ гүйцэтгэх захирал Б.Төмөрбат "СӨХ-нуудын санхүүгийн асуудал хүнд байна. Улсын хэмжээнд СӨХ-нуудын жишиг үнийг тогтоох хэрэгтэй байна" гэж ярив.
Орон сууцны өмнөх тоглоомын талбай, ногоон байгууламж, тохижилт сайн байх эсэх нь СӨХ-ны үйл ажиллагаатай шууд холбоотой. Тиймээс нийслэлийн зүгээс СӨХ-ны хуулийг боловсронгуй болгохоор ажиллаж буй бөгөөд намрын чуулганаар хэлэлцүүлэх боломжтой гэж төлөвлөжээ.