Монгол Улс жил бүрийн наймдугаар сарын 25-нд “3алуучуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага 2016 онд шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тодорхой арга хэмжээ, уулзалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Тухайлбал 2018 онд “Төмөр зам ба залуучууд” сэдэвт олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, орон орны төмөр замчин залуус тодорхой сэдвийн хүрээнд зөвлөлдөж байв. Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа дээрх чуулганыг Монгол Улсад зохион байгуулж байна.
2018 онд зохион байгуулж байсан анхдугаар чуулганд дөрвөн улсын төмөр замчин залуусын төлөөлөл оролцож байсан бол энэ жилийн чуулганд ч мөн адил БНБУ, ОХУ, БНХАУ, ОХУ-ын БНСахУ-ын төмөр замчин залуусын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад уг салбарын залуусын хөгжлийн асуудал ч орхигдуулж болохгүй сэдэв болсон. Энэ цаг үед хөрш орнуудын төмөр замчин залуус нэг дор чуулж, харилцан туршлага солилцохоос гадна бүс нутаг, тив дамнасан төмөр замын тээвэрт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд гарц, шийдэл хайх нь цаг үеийн шаардлага болоод байгаа юм. “Төмөр зам ба залуучууд” сэдэвт олон улсын чуулга уулзалтын ач холбогдол ч үүнд оршдог.
Энэ жилийн чуулганд мөн дотоодын шинэ төмөр замуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог боллоо.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН