УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сонгуулийн өмнөх отгон чуулган өнөөдөр нээлтээ хийв. Энэ чуулганаар олон чухал асуудал хэлэлцэнэ. Нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг энэ сард багтаан хийнэ. Мөн 2024 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэнэ. Сонгуулийн жил төсвийг тэлдэг тул ХҮНам энэ асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах чуулган гэдгээрээ намрын чуулган онцлогтой. Маш халуун чуулган болно. Иргэд парламентад сөрөг хүчин байна уу? Иргэдийн дуу хоолойг илэрхийлж байна уу гэж олон жил асуусан. ХҮНам иргэдтэй цуг байна” гэв.
Тус намын нийслэлийн бүлгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ.
ХҮН-ын Нийслэлийн бүлгийн төлөөлөгч Д.Гантулга“Өчигдөр “Дэү корпорацын Дэд ерөнхийлөгч Ким гэж хүн хэвлэлийн хурал хийлээ. Тэр хүн цоо шинэ автобус хуучин юм шиг харагдсанд уучлаарай гэв. Энэ бүхэн хил дамнасан, мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй. Иймд МАН-ын Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг шалгуулахаар шаардлага хүргүүлж байна.
Солонгосын талыг ч тус улсын Прокурорын байгууллагаар шалгуулна. Ерөнхий сайд ажлаа хийж чадаагүй дарга нарыг огцруулах ёстой. Хуулиар Ерөнхий сайдад ийм бүрэн эрх нь бий. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 65.2-т зааснаар Засгийн газрын тэргүүн хотын даргыг огцруулах эрхтэй. Мөн бид нийслэлийн худалдан авалтуудыг шалгаж, иргэдэд мэдээлнэ. Тоос соруулагч машины худалдан авалт мөн л маргаантай” гэв.
ХҮН-ын УЗ-ийн гишүүн П.Наранбаяр "НИТХ 45 төлөөлөгчтэй. Тэдний 34 нь МАН-ын, 8 нь АН-ын, 3 нь ХҮН-ын гишүүд байдаг. 2017 онд төмөр зам барихдаа төрийн нууцад оруулж, ямар хулгайн схемээр явсныг та бүхэн мэднэ. Автобусыг яг энэ схемээр авсан. Хулгайн схем нь амь бөхтэй байгаа тул худалдан авалтыг нууцад хамруулж, хуучин автобус оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтнууд огцрох ёстой. Эдгээр нь хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 65.2-т зааснаар НИТХ-ын 15 гишүүн гарын үсэг зурвал хотын даргыг огцруулах үндэслэл болно. Гарын үсэг зурсны дараа НИТХ 15 хоногийн дотор энэ асуудлаар хуралдах ёстой. Иймд бид өнөөдрөөс 15 төлөөлөгчийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ. НИТХ-ын төлөөлөгчид намынхаа эрх ашгаар бус, нийслэлчүүдийн төлөө саналаа өгөөрэй. Мөн хулгайг дахин гаргахгүй байх, хулгайн схемийг булшлахад НИТХ түүхэн үүрэг гүйцэтгэнэ" гэв.
Тус нам энэ асуудлаар АТГ, Тагнуулын ерөнхий газарт ханджээ.