Монголын Бурхан шашны тэргүүн 10 дугаар Богд Жавзандамба хутагт тодорч, энэ үйл явдал Монгол Улсыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж буй энэ цаг үед хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж байгаа нь чухал юм хэмээн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Тэрбээр, Төр, сүм хийдийн харилцааны асуудал бол ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүх, уламжлал, боловсрол, хүмүүжлийн онцгой ач холбогдолтой. Төрөөс шашны талаар баримтлах бодлого нь ямар байхаас сүм хийдийн харилцаа, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь хамаардаг гэсэн юм.
Монгол Улсын 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор манай улсын 15 наснаас дээш хүн амын 60 хувь нь шашин шүтдэг. Тэднээс
Төр ба шашны харилцааг Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуддаа тусгаж, эхний гурван Үндсэн хуульд шашныг улс төрийн, улсын, төрийн хэрэг болон сургуулиас тусгаарласан заалтууд оруулжээ. 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараа үзэл бодол, итгэл үнэмшил, шашин шүтэх эрхийг эрх зүйн хүрээнд хуульчлан баталгаажуулсан юм.
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд, төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэхгүй, төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна хэмээн тодорхой заасан.
Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх, мөн итгэл үнэмшлээ өөрчлөх эрх чөлөөг баталгаажуулсныг Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал илтгэлдээ дурдав.
Улс орнууд төр ба шашны харилцааны суурь зарчмыг тус тусын Үндсэн хуульд тусгадаг. Ингэхдээ хоёр үндсэн асуудлыг шийдвэрлэдэг нь иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, сүм хийд болон сүсэгтнүүдийн эвсэл, холбоодоос төртэй харилцах харилцааг зохицуулдаг байна.
Ихэнхдээ төр, шашны үйл ажиллагааг тусгаарлаж, харилцааг хязгаарладаг боловч Ирак, Иран, Йемен, Бутан зэрэг улс оронд төрийн шашныг Үндсэн хуулиар тунхагласан байдгийг Хууль зүйн ухааны доктор, дэд профессор В.Удвал харьцуулан тайлбарласан юм.
Төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол Улсын хуулийн зохицуулалт, түүний хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудлын талаар Хууль зүйн ухааны доктор Б.Өлзийсайхан илтгэв.
ХЗДХЯ-наас 2016 онд шалгалт явуулахад манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 848 шашны байгууллагын 41.5 хувь нь зөвшөөрөлгүй гэсэн дүн гарсныг дурдав. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2018 онд тус хуулийн зохицуулалтыг ОХУ, БНХАУ, ХБНГУ-ын хуулиудтай харьцуулан судлаад шашны байгууллагын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэжээ.
Хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс иргэдийг сүсэг бишрэлээр нь далимдуулан хохироох, насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хувийн хэвшлийн дунд сургуульд өдөр өнжүүлэх нэрээр шашны үйл ажиллагаа явуулах зэрэг хууль зөрчсөн асуудал их байгааг ХЗДХЯ-наас хуулийн хэрэгжилтийн үр дагаварт 2018 он хийсэн үнэлгээний тайланд үндэслэн ярив.
Их, дээд сургууль дээр ч ийм явдал гарч, оюутан залуусыг олноор нь шашны үйл ажиллагаанд татан оролцуулж байгааг тэрбээр сэрэмжлүүлсэн юм.
Хуулиар, төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга тус тус эрхлэн гүйцэтгэнэ. Гэвч ХЗДХЯ-ны нэгж татан буугдаж, уг асуудлыг хариуцсан мэргэжилтэн тогтвортой ажиллахгүй байгааг эрдэм шинжилгээний бага хурлын оролцогчид ярив.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим доктор О.Бумдарь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шашны байгууллагын талаар гаргасан шийдвэрүүдэд шинжилгээ хийсэн судалгаагаа танилцуулав. Өнөөдөр шашны байгууллагын бүртгэлийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хийж байна.
Холбогдох журмыг өөрсдөө батлан хэрэгжүүлж байгаа юм. Журмуудад, сүм хийд шинээр байгуулахад бүрдүүлэх бичиг баримт, зөвшөөрлийг сунгах, цуцлах, хяналт тавих болон шашны байгууллагын үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлс зэрэг нийтлэг агуулгыг тусгадаг. Зөвшөөрлийн хугацааг зургаан сараас таван жил хүртэл харилцан адилгүй олгож байгааг доктор О.Бумдарь илтгэлдээ дурдлаа.
Шашны асуудлыг хариуцсан төрийн байгууллага байгуулж, чиг үүргийг тодорхой болгож хуульчлах шаардлагатай.
Шашны байгууллагын үйл ажиллагааг хянах харилцааг журамд тусгахдаа ажлын хэсэг, зөвлөл зэрэг бүтцээр хэрэгжүүлэхээр зааж, тэдгээрт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, татварын байгууллагуудын төлөөллийг оролцуулдаг ч мөн л харилцан адилгүй.
Иймд аймгуудын журмыг нэгтгэж, төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг зохицуулсан нийтлэг нэг журмыг мөрдүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, шашны асуудлыг хариуцсан төрийн байгууллага байгуулж, чиг үүргийг тодорхой болгож хуульчлах шаардлагатайг тэрбээр дүгнэсэн юм.
Төр болон шашин, сүм хийдийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргах шаардлага байгааг “Оюуны Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн докторант Т.Алтангэрэл танилцуулав. Тэрбээр шашны нийгэмд үзүүлэх эерэг үүрэг, оролцоог хүлээн зөвшөөрөх, төр ба сүм хийдийн хамтын ажиллагааг хуульчлах шаардлагатай гэсэн юм.
Ингэхдээ шашин бүр нэгдсэн удирдлага, бүтэцтэй, өөрөө удирдах тогтолцоотой байх, үүн дотроо нийтийн эрх зүйн субъектын статус бүхий олон нийтийн шашны байгууллага болон сүм хийдийн ялгаа заагийг тодорхойлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт, татварын асуудлыг нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа АНУ, Францын эрх зүйн харилцааг эш болгон тайлбарлалаа.
Түүний тодорхойлсноор нийтийн эрх зүйн статустай шашны төв байгууллага нь нийт салбаруудаа нэгтгэдэг, өөрөө дотоод дүрэм, журмаа баталж, мөрдүүлдэг, шинээр байгуулагдах салбар, сүм хийдийг бүртгэж, баталгаажуулдаг, тэр бүү хэл лам, санваартнуудаа бүртгэх, эрх олгох, ёс зүйн кодыг мөрдүүлэх зэрэг нийтлэг үүрэгтэй байх ёстой юм.
Орхимж, нөмрөг асаасан л бол лам гэж үзэх үү, үгүй юү, тэднийг лам, санваартан гэдгийг хэн, хэрхэн батлах вэгэдэг асуудал тодорхойгүй байдгийг тогтолцооны шинэчлэлээр шийдвэрлэх боломжтой хэмээн тэрбээр илтгэлдээ дурдав.
Түүхийн ухааны доктор О.Батсайхан, Монголын буддын шашинд хэлмэгдүүлэлтийн нөхөн төлбөр олгох тухай асуудлыг хөндсөн бол Монголын Бурхан Шашны төв-Гандантэгчэнлин хийдийн лам Б.Жамбалжав, аймаг, нийслэлийн шашны асуудал эрхэлсэн нэгж, мэргэжилтнүүд шашны боловсролгүйгээс бодлогогүйгээр зөвшөөрөл олгох, газар өгөх зэрэг явдал гардгийг ярьсан юм.
Гавьяат эдийн засагч Ж.Гомбожав, манай улсын хүн амын зан араншин, өв уламжлал, үзэл бодолд маш их сөрөг хандлага хуримтлагдсаныг дурдаж, шашны соён гэгээрүүлэх үүргийг сайжруулах талаар хуулийг чамбайруулан сайжруулах шаардлагатай гэв.
Мөн Зүүн хүрээ Дашчойлин хийдийн дам Ц.Алтанхүү, төрөөс хэрэгжүүлж байгаа цахим үйлчилгээнд шашны байгууллагыг төрийн бус болон бусад олон нийтийн байгууллагаас ялгаж, сүсэгтэн олны хандиваар байгуулагддаг онцлогийг харгалзан эцсийн өмчлөгчийг тодорхойлох зэрэг асуудлуудыг уян хатан шийдвэрлэх шаардлагатайг ярьжээ.
Удирдлагын академийн багш Ж.Алтайхүү, бүртгэлийг нарийвчилж, шашны урсгал, култуудад хяналттай хандах шаардлагатайг хэлсэн юм.
Хуульч Н.Жанцан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд Бурхны шашин бол Монголын зонхилох шашин гэж заасныг тодотгон тайлбарлах ёстой байсан боловч үүнийг хийгээгүй нь ихээхэн асуудал үүсгэж байна гэсэн юм. Мөн тэрбээр, шашнууд тус бүрдээ нэгдсэн удирдлагатай байх тухай докторант Т.Алтангэрэлийн саналыг дэмжив.
Бүртгэл зөвшөөрөлгүйгээр шашны үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд төр, түүний бодлого, хуулийг дээдлэхгүй байгаа тул цэгцэлж шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Шашны байгууллагаар дамжуулан мөнгө угаах зэрэг гэмт үйлдэл хийх явдал дэлхий дахинд элбэг байдгийг тэрбээр сануулж, шашин бол философийн шинжлэх ухааны нэг бие даасан чиглэл тул шинжлэх ухаанчаар хөгжүүлэх шаардлагатай гэсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.