fitness
  • 251 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар аравдугаар сарын 12-ны өдөр ажлаа хүлээн авсан. Тэрбээр Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойн өдрүүдэд хөшөөнд цэцэг өргөхөөс илүүтэй нийслэлд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар боловсруулсан төлөвлөгөө, баримтлах бодлогоо танилцуулав. Улаанбаатар хотод хамгийн их тулгамдсан дөрвөн том асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд: 

  • арын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах
  • Хот төлөвлөлтийн алдааг засах
  • Шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх. 

Замын түгжрэл бол нийслэлчүүдийн бухимдал төрүүлдэг, цаг зав бардаг асуудал болсон. Улаанбаатарчууд жилд нэг сар буюу 31 хоног 717 цагийг түгжрэлд өнгөрүүлж байна гэсэн гунигтай статистик байна. Мөн ДНБ-ийхээ 9 хувь буюу 3.8 их наяд төгрөгийг түгжрэлд үрж байна.  

Замын түгжрэлийг бууруулахын тулд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн бариад байна. УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэнэ. 

Улаанбаатар хотын дугаар, бүртгэлтэй 720 мянган тээврийн хэрэгсэл бий. Энэ тоо жилд дунджаар 50 мянгаар нэмэгдэж байна гэдэг тоог Гаалийн болон АТҮТ-ийн бүртгэлээс авсан. Яг энэ хурдаар явбал хэдхэн жилийн дараа хот нэг сая автомашинтай болж, сөрөг статистикаараа дэлхийд тэргүүлэх магадлалтай. Тиймээс импортын автомашиныг хязгаарлах бодлого барихгүйгээр автозамын сүлжээг өргөтгөх, тойрог хурдны замууд бариад ч шийдэж чадахгүй гэдэгтэй эвлэрэх ёстой.

Тиймээс автомашины дугаарт олголтыг хязгаарлана. Харин өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй. Дугаар эзэмшигчид өөрийнхө машины дугаарыг шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломжууд бүрдэнэ. Гагцхүү өөрөө шинэ машин авахдаа хуучин машиныхаа дугаарыг худалдаалах, устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгэх эсвэл өөрөө шинэ машиндаа ашиглах тухай эрхзүйн зохицуулалтыг оруулж ирнэ.

Хоёрдугаарт, Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Үүний тулд автобус нийлүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан, 11-р сарын 23-ны үед тендерийг шалгаруулахаар төлөвлөсөн. Евро стандартын шаардлага хангасан орчин үеийн 700 орчим автобусуудаар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийнэ. Гэр хорооллын арын дэнжийн айлуудыг хатуу хучилттай замаар бүрэн холбож, тухайн бүсдээ богино эргэлтээр дунд оврын автобусуудыг явуулахаар төлөвлөж байна.

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Багатойруу зэрэг хотын төвийн автозамуудын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, автобусуудыг хурдан зорчих боломжоор хангах ажлыг  2024 онд хийхээр төлөвлөөд байна.

2007 онд нийслэлчүүдийн 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол өнөөдөр 24-25-хан хувь нь автобусаар үйлчлүүлж байна. Энэ үзүүлэлтийг 50 хувьд хүргэх зорилт тавьсан. Мөн жолооч нарын торгуулиа төлөх, үзлэг оношилгоонд орох, хуулийн хүрээнд зохих ёсны шаардлагуудыг тавих болно. Эдгээр заалтыг дээрх төсөлд тусгасан.

Дэлхийн олон хотууд замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсүүдийг зааж өгсөн байдаг. Төлбөртэй бүсийн зохицуулалт хийснээр бүс доторх хөдөлгөөний эрчим 30хувиар буурдаг гэх судалгаа байна. Бид эхний ээлжинд:

  • Баруун 4 замаас зүүн 4 зам
  • 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсийг төлбөртэй бүсээр тогтооё.

Төлбөртэй бүсэд нэвтрэхээс өмнө Улаанбаатар хотын төвөөс 800 метр орчим зайд орших авто зогсоолуудад автомашинаа тавиад хотын төв рүү алхах, дугуй, скүүтерээр явах гэх мэт бэлтгэлийг одооноос хангаж байна.

Үе үеийн хотын дарга нар метро байгуулах саналтай байсан боловч хэд хэдэн шалтгаанаар нуран унаж байсан. Тэгвэл ирэх онд энэ ажлыг эхлүүлнэ. БНХАУ-ын төрийн өмчит метро барьдаг компаниудтай хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд ярих хэлэлцээр хийсэн. 


Бусад мэдээ

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр Дундговь, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.

Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг эхэллээ

Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг эхэллээ

Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.