Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 1050 төсөл хэрэгжүүлнэ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар Сангийн яаманд нийт 4000 орчим төслийн санал ирүүлжээ. Эдгээрийг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор, 16 үзүүлэлтээр үнэлж, 1050 төсөл хэрэгжүүлэх болсон байна.
Эрчим хүчний үе үеийн сайд нар цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн хүчин чадал эрэлтээ хангаж чадахгүйд хүрснийг онцолдог. Манай улсын эрчим хүчний эрэлт жил бүр 5 орчим хувиар өсдөг ч үйлдвэрлэл дорвитой өсөөгүй. Иймд энэ өвөл “гал алдах”, цахилгаан хязгаарлах эрсдэл үүссэн.
Тэгвэл ирэх оны төсвийн болон гаднын зээл санхүүжилтээр энэ салбарт нийт нэг их наяд төгрөг зарцуулна. Үүний 652 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, үлдсэнийг гаднын зээл, тусламжаар санхүүжүүлнэ.
Энэ эх үүсвэрээр Дорнод аймагт БНХАУ-ын Экзим банкны зээлээр 50 МВт-ын цахилгаан станцын өргөтгөл барихын сацуу арван аймагт Азийн хөгжлийн банкны зээлээр дулааны станц, цахилгаан дамжуулах шугам барих юм байна.
“Архангай аймагт сонгон шалгаруулалтад оролцсон компаниуд дунд маргаан үүссэн тул энэ ажил удааширсан. Бусад аймгуудын дулааны станц ирэх онд ашиглалтад орно” гэж Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээллээ. Мөн ирэх онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ. Нутгийн иргэдэд эд хөрөнгийн нөхөн төлбөр болгон 9 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт тусгажээ.