Дэлхийн брэндийг бүтээгч “ГОВЬ” ХК ганц олон улсад гараад зогсохгүй, дотооддоо тэр дундаа орон нутгийг чиглэсэн их хөгжлийг түүчээлж эхэллээ. Учир нь “ГОВЬ” орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээсэн бол өдгөө тэд дараагийн салбар үйлдвэрүүдийг Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад нээхээр судалгааны ажилдаа ороод буй аж.
Нийслэл хотыг чиглэх хүн ам зүйн төвлөрлийг саармагжуулж орон нутаг руу хүний хөдөлгөөнийг тэлэх нэн шаардлагатай байгаа энэ үед “ГОВЬ” орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж байгаа нь тун сайшаалтай алхам болж байна.
Тэд хамгийн анхны салбар үйлдвэрийг Хэнтий аймагт нээсэн юм. Аймаг, орон нутаг өөрсдөө татвараа бүрдүүлдэг болоход хамгийн чухал алхам бол эдийн засгийн бааз суурийг тэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх явдал юм. Энэ ч утгаараа орон нутагт үйлдвэр барьж байгуулах шаардлага нэн тэргүүний асуудал байсныг Хэнтий аймгийн удирдлагууд мөн тодотгож байсан билээ.
“ГОВЬ” Хэнтий аймаг дахь “кеттел”-ийн салбар үйлдвэрийг өргөжүүлэн сүлжмэлийн цогц үйлдвэр болгож нийт ажилтнуудын тоог 200-300 болгохоор зорин ажиллаж байгаа юм байна. Тус үйлдвэрт Монгол-Солонгосын политехникийн кеттелийн багш нар хамтран мэргэжлийн ур чадвар олгох богино хугацааны сургалтад туршлагагүй хүмүүсийг ч хамруулан чадамжийн гэрчилгээ олгож ажилтнуудыг бэлтгэн, хүн бүрд боломжийг тэгш хүртээмжтэйгээр хүргэж, орон нутагт ажлын байрны таатай орчин нөхцөлөөр хангаж байгаа нь бахархууштай явдал юм.
Дээрх жишгийн адилаар Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад салбар үйлдвэрүүдийг нээж, ажилтнуудад мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамруулах аж. Ингэснээр үйлдвэрийн үүд хаалга хэн бүхэнд нээлттэй байж, тогтвор суурьшилтай ажлын байр орон нутагт нэмэгдэн, амьдралын чанар сайжрах сайн жишиг болох юм.
Уул уурхайн бус экспортыг дэмжин ажиллахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “ГОВЬ” ХК-ийн баялаг бүтээгч хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.