Биеийн байдал нь муудсан 11 настай охиныг Төв аймгаас Багануурын эмнэлэгт хүргэхээр авч явсан түргэний автомашин замдаа цасанд суусан тул тус дүүргийн Онцгой байдлын аврах ангийн тээврийн хэрэгслээр хүүхдийг эмнэлэгт хүргэжээ.
Тодруулбал, Төв аймгийн, Мөнгөнморьт сум Байдлаг багийн “Дархан ноён” гэдэг газар Хүүхдийн бие өвдсөн тухай дуудлаганд явсан нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн түргэний автомашин цасанд боогдож, цааш явах боломжгүй болсон тул туулах чадвар сайтай автомашинаар дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 01.17-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, Эрүүл мэндийн төвийн эмч нар очиж, Багануур дүүргийн оршин суугч 11 настай охиныг хөдөө гэрээс нь тээвэрлэн дүүргийн Эрүүл мэндийн төвд 21:05 цагт хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ