• 628 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-01

Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна. Тиймээс хотын удирдлага иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад анхаарч, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулан, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Баянзүрх дүүрэгт ажиллаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хийж буй ажилтай танилцлаа.

Томоохон цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэх нь

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд Баянзүрх дүүрэгт хийх томоохон ажлуудын нэг нь тус дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэр усны нөөцийн 300 га талбайд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд амрах, чөлөөт цагаа зөв, зохистой өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү ажлыг санаачилжээ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгт хүрээлэнгийн 250 га талбай нь ашиглалтынх байх бөгөөд үүний 70-80 хувьд нь мод тарьж, зүлэгжүүлэх аж. Түүнчлэн 200 орчим машины зогсоол, авто зам, явган болон дугуйн замыг шийдэн тохижуулна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:

-Ундны усны эх үүсвэр болсон голын ай савыг хамгаалах, байгалийн унаган төрхийг нь хадгалж үлдэх, мөн мал орж ирэх, айл буухаас сэргийлэх нь нэн чухал. Тиймээс бид уг цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Олон улсын гэж тодотгосны учир нь Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран 25 га талбайг тохижуулахаар төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, нэг га талбайг улс үндэстнийхээ түүх, соёл, уламжлалыг таниулах байдлаар тохижуулах, бүтээн байгуулалт хийх саналыг Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудад тавьж эхэлсэн. Тэдний зарим нь энэ санаачилгыг дэмжихээ илэрхийлээд байна хэмээв.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт өнгөрсөн оноос эхэлж, талбайг хашаалсан бөгөөд ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг хариуцан ажиллах нэгж байрлах оффисын барилга, авто замын бүтээн байгуулалтыг 2023 онд хийх юм. Түүнчлэн ногоон байгууламжийн зарим ажлыг эхлүүлж, хоёр км урттай дугуйн зам тавихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжиж, ногоон байгууламж бий болгох, мод, суулгацаар хангах тал дээр тусалж ажиллана” хэмээлээ. Мөн ерөнхий төлөвлөлтийг нийслэл, дүүргийн хэмжээний бүтээн байгуулалттай уялдуулах, иргэд болон аж ахуйн нэгжийн оролцоог дэмжихэд анхаарахыг онцолж байв.

Бусад мэдээ

Ж.Соронзон дахин давж заалдахаар болжээ

Ж.Соронзон дахин давж заалдахаар болжээ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг өчигдөр /2024.04.

Туул голын салаанаас эрэгтэй хүний цогцос олджээ

Туул голын салаанаас эрэгтэй хүний цогцос олджээ

Туул голын салаанаас нэр хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон харамсалтай

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.